INGENUITY АППАРАТ ДААЛГАВРАА ГҮЙЦЭТГЭЖ ДУУСЛАА

2024-01-27  

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /НАСА/ Ingenuity нэртэй нисэгч аппарат гурван жил орчмын дараа ажиллахаа больж, даалгавраа албан ёсоор дуусгасан тухай НАСА пүрэв гарагт мэдэгджээ.

Perseverance хөлгөөр Улаан нүдэн гарагт зөөж авчирсан уг аппарат сүүлчийн нислэгээ хийж газардах үед сэнс нь эвдэрсэн тул нисэх боломжгүй болсон байна.

Ingenuity-г хариуцсан багийнхан нэгдүгээр сарын 18-нд нисдэг аппарат ослын буулт хийсний дараа түүний байршлыг тогтоохын тулд эгц дээш хөөрөх нислэг хийхээр төлөвлөж байжээ. Гэвч нислэгийн үеэр Ingenuity аппарат Perseverance-тай холбоо тасарсан байна. Мэргэжилтнүүд аппарат газардах үед холбоо тасарсан шалтгааныг судалж байна.

Өөр гараг дээр нислэг үйлдсэн анхны нисдэг аппарат болох Ingenuity 72 удаа нислэг хийж, анх төлөвлөснөөс даруй 14 дахин хол ниссэн бөгөөд Ангараг гараг дээр 1000 орчим хоног ажилласан нь урьдчилан төлөвлөснөөс 33 дахин удаан хугацаа юм. Түүний анхны зорилго нь Ангараг гаргийн хэт нимгэн агаар мандалд нислэг үйлдэх боломжтой гэдгийг нотлох явдал байсан бөгөөд үүний зэрэгцээ явагч төхөөрөмжинд туслах агаарын замчийн үүрэг гүйцэтгэжээ.

НАСА-гийн захирал Билл Нельсон дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ, Ingenuity хэмээх бяцхан нисдэг тэрэг Ангараг гараг дээр сүүлчийн нислэгээ хийснийг зарлахад харамсалтай байна гэв. “Ах дүү Райт нарын нэгэн адил Ingenuity нь манай Нарны аймагт ирээдүйд нислэг хийх замыг нээж өгсөн бөгөөд Ангараг гарагт болон түүнээс цааш илүү аюулгүй нислэг хийхэд хөтөллөө” гэж тэрбээр хэлжээ.

Ingenuity-г хариуцсан баг одоо нисдэг аппаратын системд эцсийн туршилт хийж, түүний санах ойд хадгалагдсан зураг, өгөгдлүүдийг татаж авах юм.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 26 /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?