АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс Египет, Израил, Катарын төлөөлөгчидтэй Парис хотноо уулзаж, Газын зурваст байлдааны ажиллагааг зогсоох хувилбаруудыг хэлэлцжээ.
France-Presse агентлагийн мэдээлснээр, талууд мөн "Францын эрх баригчидтай уулзсан" боловч уулзалт ямар түвшинд, ямар хэлбэрээр явагдсан нь тодорхойгүй байна. Бямба гарагт эхэлж, ням гарагт үргэлжилсэн уг зөвлөлдөх уулзалтын зорилго нь Палестины ХАМАС бүлэглэл ба Израилын цэргийн хооронд түр эвлэрэх тохиролцоонд хүрч, барьцаалагдсан хүмүүсийг суллах явдал гэдгийг онцолжээ.
France-24 сувгаар мэдээлснээр, талууд Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байгаа өндөр настан, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг сулласны хариуд Израилын байлдааны ажиллагааг 30 хоногийн хугацаанд зогсоох хувилбарыг хэлэлцэж байгаа ажээ. Энэ хугацаанд барьцаалагдсан эрэгтэйчүүд, мөн олзлогдсон цэргүүдийг солилцохын тулд түр гал зогсоох хугацааг дахин 30 хоног сунгах хэлэлцээ хийх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, Израилын талаас Палестины хэчнээн иргэнийг суллах асуудал тодорхойгүй хэвээр байгааг France-24 сувгийн тоймч Жеймс Андре хэллээ. Түүний ярьснаар, талуудын уулзалт дахин хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Монцамэ