МАЛЧНЫ ЦАГААН САР БИШ МОНГОЛЫН ЦАГААН САР ЮМ ШҮҮ

2024-01-31  

Соц нийгэмд Цагаан сарыг “Малчдын Цагаан сар” хэмээн томьёолон нэрлэж, малчдын хүрээнд тэмдэглэх үйл явц өрнөж байлаа. Төв суурингийн айл өрхөд бол хамаагүй баяр шүү хэмээн төрөөс тулгаж. Хөдөө ахуйдаа байгаа бүгдийг магтан дуулж, тэр орчинд байгаа ёс заншлаар золголт хийж, амар мэндээ мэдэж, бэлэг сэлтээ өгч, настан буурлууддаа золгож, яриа хөөрөө дэлгэж, ууц өвчүүгээ тавьж, хөөрөг сэлтээ зөрүүлэн… хуучны бүгдийг сэргээн Цагаан сарладаг байв. Энэхүү Малчны Цагаан сарын утга нь 1990 он гарч шинэ нийгэмд шилжсэнээр үндэсний ухамсартай холилдон сүлэлдэж, бүр хуучин руугаа хэтийдэн, орчин үед нэн тохирохгүй, бүр орчин цагийн шинэ үеийн залуусын үзэл бодол, хандлага, амьдралын хэв маяг, хэмнэлтэй зөрчилдөх хэмжээнд өнөөдөр хүрсэнийг одоо анхаарах цаг болжээ.

Сүүлийн үед Цагаан сараар шинэ үеийнхэнд хийх юм олдохоо байлаа. Ёстой хийцгүйрдэг утгагүй өдрүүд боллоо. Аав ээж рүүгээ дагаж эмээ өвөөдөө золгоно. Ээж аавдаа золгохоо нэг юм гүйцэлдүүлээд байх шиг байна. Дуртай дургүй бууз баншнаас нь бэлдэлцэж байна уу, үгүй юу. Яг сар шинийн өдрүүдээр аав ээж, эмээ өвөөгийнхөө хэлбэрдсэн хөөрөг зөрүүлэлт, улиг болсон мэндчилгээ, ширээ дүүрэн мах гурилыг харан хий эргэлдэцгээнэ. Залуус бие бие рүүгээ “Хийх юм олдохгүй юм аа” хэмээн чаталж, дээш харан хэвтэцгээнэ. Шулуухан хэлэхэд Цагаан сарыг шинэ үе бүгд шүүмжилж байна.

Залууст хамгийн төвөгтэй мэндчилгээ бол ахмадуудын зүгээс “За чи хүнтэй суусан уу, хэдэн хүүхэдтэй вэ, хаана ажиллаж байна. Суусан хүн чинь хаанахын хэн бэ…” ёстой нэг залхааж өгнө. Хүнтэй суугаагүй бол “Яагаад…” хэмээн шалгааж, сургамж хайрлана. “Бидний үед бол…” гэж ирээд мэдэхгүй нийгмийн үзэл суртал яншина. Энэ бүхэн бол шинэ үеийнхний хувьд Цагаан сарын залхаан цээрлүүлэлт. Тийм болохоор шинэ үеийнхэнтэй мэнд усаа мэдэхдээ шинэ түвшинд аваачих хэрэгтэй. Дотоод сэтгэл рүү нь битгий өнгий. Тэдний хувьд эмзэг сэдэв. Ихэнх нь салсан сарнисан, ойлголцлын шатанд яваа, эсвэл хүүхдээ аваад хоёр тийш болсон… гэхчлэн. “Айл их хэсч, агт морь их хурдалж, алт мөнгө их хураав уу…”, “Он цагт тарган сайхан оров уу” гэхчлэн өнөөдрийн залуус ойлгоход нэн бэрх мэндчилгээнүүдээ, тэднээс хол аваач.

Тавгийн идээ будаа, бууз баншны тухайд тэр чигээрээ хоолны дэглэм алдалт. Тэр их махыг, тэр их гурилыг яаж идэх юм бэ. Гурван өдөр халуун гэрт байсан мах шүүсийг яаж хүртэх ёстой юм. Утаатай тагтан дээрээ хонуулах уу. Тэр их хэвийн боовыг идэх нь тэр чигээрээ цээж хорсгоно. Болсон, болоогүй баахан салат, жимс. Шөнө нь яаж хадгалж хонуулдаг юм. Маргааш нь ирэх зочиндоо гаргаад л тавина. Монголчууд нэрлэх үү. Их бага хэмжээгээр идэх л болдог. Сар шинийн дараа эмнэлгээр дүүрэн хоолны хордлого, гэдэс дотрын хямрал, даралт, нойр булчирхайн үрэвсэл… Баяр бүрийн дараа үндэстнээрээ эрүүл мэндийн салбартаа огцом ачаалал өгдөг, Эрээн хот хэмээх залгаа улсынхаа эдийн засаг руу хамаг мөнгөө хийдэг улс үндэстэн цаагуур чинь өөр байна уу…

Бэлэг сэлт авч өгөлцөх асуудал тэр чигээрээ хоцрогдсон зан үйл. Бие биедээ өгч байгаа бэлэг сэлт чинь өгч байгаа хүндээ нэмэр болж байгаа юу ч байхгүй. Зүгээр л мөнгө өг. Өгөх гээд байгаа юм бол шүү. Энэ мэт наад захын өөрчлөлтүүдийг хийхийн тулд эхлээд ахмадуудынхаа, аав ээжийнхээ оюун санаанд салхи оруулж сэхээрүүл. Цаг өөр болсон гэдгийг ойлгуул. Айлаас айл, хамаатнаас хамаатнуудын хооронд дамжсан бэлэг нэртэй оймс, бандааш, түлхүүрийн оосоруудыг одоо боль. Ийм гурван зүйл дээр эхлээд шинэчлэл хийх цаг Монголын Цагаан сарын баярт болсон.

Шашны зан үйл, засал ном, зүг мөр, сүсэг биширэл бол тусдаа зүйл. Цэвэр оюун санааны үйл учраас заагаад байх зүйл биш юм. Шашин бол монголчуудын хувьд эртнээсээ сэтгэл засал байсан. Цагаан сараар муу юм бодож арц хүж уугиулдаг, зам мөрөө гаргадаг монгол хүн гэж байхгүй.

Дээл хувцас бол иргэдийн эрхийн асуудал. Цаг үетэйгээ хөл нийлүүл гэж тулгах боломжгүй ч орчин

үеийн залуусын сонголтыг хүндэтгэн үзэж байгаарай гэж эцэг эхчүүд, эмээ өвөө нарт хэлье. Өмсөхгүй л байна биз дээ. Гэхдээ үндэсний хувцаслалт бол цаг үеэ дагасан. Улам гоё, загварлаг, дэгжин хээнцэр, ер нь монголчуудын өнгөлөг харагдуулах болсныг хэлье.

Эцэст нь хэлэхэд дээрх гурван өөрчлөлт шинэчлэлтийг нэг хоёр бичээд өнгөрөх нь санах сэрэх төдий зүйл. Харин Монголын сэхээтнүүд, юм үзэж нүд тайлсан эрхмүүд, эрдэмтэн судлаачид Цагаан сарын реформ ярих, нийгэмд үзэл суртал хийх цаг болжээ.Гол үзэл санаа нь Цагаан сарыг маш хөнгөхөн, суурин иргэншилдээ тохирсон, наад зах нь орон сууцанд тааруулсан байх. Үүн дээр бодооч, уламжлалаа хадгалсан, гэхдээ цаг үеэ мэдэрсэн Цагаан сарын шинэ хэв маягийг нийгмийн сэтгэл зүйд суулгаж өгөөч.

Гэхдээ их өргөн агуулгаар шүү. Жишээ нь Цагаан сараар хүмүүс хоорондын мэнд ус, яриа хөөрөөнд ярих, ярихгүй сэдвийг хүртэл зааж өгмөөр байна. Нөхрөөсөө салсан эмэгтэй, хүүхдээ дагуулаад золгох гээд ороход нөхрийг нь, хүүхдийнх нь аавыг, хэнтэй суух гэж байгааг нь асуугаад, шалгаагаад, сургамжлаад суудаг ахмадууд баймааргүй байна.

Ширээ дүүрэн мах, гурил өрчихөөд, зогсоо зайгүй идэхийг шаардаж, халаасан айргаар нойр булчирхайг нь өвтгөх шаардлага байна уу.

Архи дарсыг шууд хал, ширээн дээрээс авч хаямаар байна. Таван настай хүүхдээ дагуулчихаад архидаад яваа дүр зураг их. Орон сууцны хорооллуудад бага харагдаж байгаад хууртах хэрэггүй. Гэр хороолол, хөдөө орон нутагт алгын чинээ үрээ дагуулаад айл хэсч архидаж яваа дүр зураг хэвээр байна.

Үндэсний баяраар Үндэсний гэсэн зүйлээ бэлгэнд өгье гэсэн улигт үгийг энд давтаад яах вэ. Зүгээр л үзэл бодол, хандлага, сэтгэлгээний өөрчлөлтөөр Цагаан сарыг нүсэр биш, хөнгөхөн, эдийн засаг хийгээд эрүүл мэндийн хэт ачаалалгүй хийхийг хүсч байна. Үүнийг хүн бүр дотроо боддог ч уриалан дуудаж, түүчээлэн өөрчилж чадах тодорхой масс, сэхээтний хэсэг Монголд үгүйлэгдэж байгаа юм. Социалист нийгмийн Малчны цагаан сарын агуулга хэлбэрээр дүүрэн үргэлжилж байгааг халах цаг болсон. Нийт монголчуудын уламжлалт сар шинийн баяр гэсэн том утга агуулгадаа нийцүүлэн, орчин цаг үедээ тохируулан, бүх нийтээр сэтгэл хангалуун тэмдэглэдэг баяр баймаар байна

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?