СТАНДАРТ VS Д.МИШЭЭЛ ХОЁР ДАХИН ХҮНД ЦҮНХ ҮҮРДЭГ

2024-01-31  

Манай орны нөхцөлд сурагчид ангидаа сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээх  боломж хомсхон. Тиймээс хичээлийн хэрэглэл болоод бусад өөрт хэрэгтэй зүйлсээ өдөр бүр цүнхэндээ авч явахаас өөр сонголт байхгүй. Үүнээс шалтгаалан хэт хүнд цүнх үүрснээр хүүхдүүдийн нуруу бөгтийх, цаашлаад өсөлт зогсох зэргээр эрүүл мэндэд нь эрсдэл үүсэх аюултай.

Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Боловсрол” буландаа сурагчийн цүнхний стандартын тухай сурвалжиллаа.

Өнөөдөр таван цагийн хичээлтэй

Сурагчдын гуравдугаар улирлын хичээл эхлээд хэдхэн хонож байна. Нэг сарын турш амарсан учир түүний хувьд багшийгаа, найзыгаа, ангийнхныгаа санасан гэж жигтэйхэн. Д.Мишээл долоон настай. Нийслэлийн дугаар сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Тэрбээр өглөө эртлэн босоод, дүрэмт хувцсаа өмсөж, үсээ самнаад энэ өдрийн хичээлээ ялгаж сууна. Өнөөдөр тэдний анги таван цагтай ажээ. Эхний цаг математик, хоёр дахь нь монгол хэл, гуравдугаар цаг хүн орчин, дөрөвдүгээр цаг монгол ёс хүмүүжил орох бол сүүлийн цаг биеийн тамирын хичээлтэй. Д.Мишээл хичээлээ ялгаж, биеийн тамирын хувцас болоод хоолны аяга халбагаа цүнхэндээ хийгээд цахилгааныг татна. Гадуур хувцсаа өмсөөд цүнхээ үүрэх гээд дааж ядан байх ажээ. Сургууль хүртлээ 800 метр шахуу алхана. Д.Мишээлийн анги 42  хүүхэдтэй. Тэдний хичээлийн өглөө яг л энэ дүр зургаар эхэлнэ. Бүгд цүнхээ дааж ядан ангидаа ирнэ. Зарим нь ээж ааваараа, эмээ өвөөгөөрөө цүнхээ бариулсан байдаг бол ихэнх нь өөрөө үүрсэн байх юм. Тэдний ангид автобусаар явж ирдэг хүүхэд ч цөөнгүй бий. Хичээл тарсны дараа ч энэ дүр зураг давтагдана. Д.Мишээл хичээл тараад мөн л цүнхээ үүрээд 800 метр газар алхаад гэртээ ирдэг билээ. Ялангуяа өвлийн улиралд зузаан хувцсан дээр хүнд цүнх үүрээд явах нь тийм ч таатай бус. Түүнээс “Сургууль руугаа ирж очихдоо ядардаг уу” гэж асуухад “Хичээлийн цүнх маань хүнд байдаг учраас жаахан ядардаг. Харин зарим өдөр  миний цүнхийг эмээ барьчихдаг юм. Тэр үед гайгүй шүү” гэж хариулсан юм. Д.Мишээлийн эмээ Ж.Ичинхорлоо “Охиноо хичээлд нь хүргэж өгч, авахдаа зарим өдөр цүнхийг нь барих тохиолдол гардаг. Ялангуяа хичээл тарсны дараа хүүхэд маань жаахан ядарчихсан байдаг учир цүнхээ надад өгдөг. Энэ үед ямар хүнд юм бэ гэсэн бодол төрдөг шүү. Томчууд бидэнд ийм бодол төрж байгаа юм чинь хүүхдэд бүр хэцүү байдаг байх” гэсэн юм. Үнэхээр томчууд бидний хувьд ч хүүхдийнхээ хичээлийн цүнхийг нь өргөөд явахад гар чилэх нь энүүхэнд байдаг шүү дээ. Тэгэхээр дөнгөж долоо, найман настай хүүхдүүдийн хувьд энэ нь хүнд ачаа болох эрсдэлтэй. Тэгвэл манай улсад сурагчийн цүнхний стандарт гэж бий юу.

Олон улсад долоон настай хүүхэд 1.5 кг жинтэй цүнх үүрэхийг зөвлөдөг

Дэлхийн улс орнуудын хувьд сурагчийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна.

Харин манай улсын хувьд одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй ажээ. Тиймээс НЭМҮТ-өөс сургуулийн удирдлага, багш,  эцэг, эх асран хамгаалагч нарт зориулан зөвлөмж гаргасан байдаг юм байна. Ингэхдээ  сурагч цүнхний жинг монгол  хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох хэрэгтэй гэж зөвлөжээ. Жишээлбэл, таны хүүхэд 30 кг жинтэй бол гурван кг-аас бага жинтэй цүнх үүрэх ёстой. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Б.Батжаргал “Манай улсын хувьд хүүхдийн цүнхний жингийн тогтсон стандарт гэж байхгүй. Харин жингийнхээ 10 хувиас хэтрэхгүй жинтэй цүнх үүрэх ёстой гэж зөвлөдөг. Гэвч амьдрал дээр үүнийг дагаж, мөрдөж байгаа нь харагдахгүй байна. Ялангуяа бага ангийн сурагчид бол их том цүнх үүрнэ. Түүндээ хамаг хичээлээ хийгээд явж байгаа шүү дээ. Гэтэл олон улсад зургаан настай хүүхэд 1.5 кг-аас илүү хүнд цүнх үүрч болохгүй гээд заачихсан байдаг. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэн нэгдүгээр ангийнхаа хүүхдийн цүнхийг өргөөд үзээрэй. Бараг л 3-4 кг-ийн жинтэй байгаа шүү. Иим хүнд цүнхийг байнга үүрснээр таны хүүхдийн нуруу бөгтийх цаашлаад өсөлтөд нь ч сөргөөр нөлөөлөх аюултай” гэсэн юм. Баянгол дүүргийн дугаар сургуулийн эмч Э.Содгэрэл “Хүүхдүүдийн хувьд хүнд цүнх үүрэх нь эрүүл мэндэд нь эрсдэлтэй. Ялангуяа хүүхдүүдийн ид өсөлт хөгжилт нь явж байгаа өсвөр насанд нь өсөлтийг нь зогсоох, нуруу нь мурийх аюултай. Өнөөдөр монгол хүүрхдүүдийн дундаж өндөр буурсаар байгаа нь бага насандаа хэт хүнд цүнх үүрсэнтэй холбоотой ч байж мэднэ.  Тиймээс аль болох нуруунд хэт ачаалал өгөхгүй, хөнгөн цүнх үүрүүлээрэй гэж эцэг эхчүүдэд зөвлөмөөр байна” гэв.

19 кг жинтэй хүүхэд 1.9 кг жинтэй цүнх үүрэх ёстой

Д.Мишээл хичээлээ тараад гэртээ иржээ. Түүний цүнхийг нээж үзээд хичээлийн хэрэглэлийг нь жинлэж үзсэн юм. Нийт дөрвөн хичээлийн ном дэвтэр, биен тамирын пүүз, хоолны хэрэгсэл, үзэгний сав, хичээлийн хавтас нийлээд 3.1 кг болж байв. Тэгэхээр хоёрдугаар ангийн сурагч Д.Мишээл олон улсын стандартаар тооцоолбол нэг дахин хүнд цүнх үүрч байна. Харин биеийн жингээр нь бодвол 19 кг жинтэй учир уг нь 1.9 кг жинтэй цүнх үүрэх ёстой байтал мөн л жингийн хэмжээ нь 1.2 кг-аар хүнд байв. Ганцхан Д.Мишээл бус өнөөдөр Монгол орон даяар хоёрдугаар ангийн сурагчид яг л ийм жинтэй цүнх үүрч байна. Энэ нь цаашлаад өнөөдөл мэдэгдэхгүй ч ирээдүйд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Энэ тухай Нийслэлийн 12 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагчийн ээж Б.Одмандах “Манай хүү одоо долоон настай, хоёрдугаар анги. Биеэр жижигдүү.  Тэгэхээр сурагчийн цүнхээ үүрэхээр бараг л араас нь харагдахгүй шахуу болчихдог юм. Хичээлийн хувьд ихэвчлэн тав юм уу, дөрвөн цаг ордог. Тиймээс цүнхэнд нь дэвтэр номноос нь гадна хувцасны уут, аяга таваг, бүлээн ус гээд нэмэлт хэрэглэгдэхүүнүүд хийж өгөх шаардлагатай. Тэгэхээр өнөөх цүнх нь улам хүнд болох жишээтэй. Ээж хүний хувьд ийм хүнд цүнх үүрээд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх вий, үеийнхнээсээ намхан болчихвий гэсэн эмзэглэл төрдөг шүү” гэсэн юм. Үнэхээр өнөөдрийн энэ нийгэмд эцэг эх, асран хамгаалагч нарт амьсгалж буй агаарын бохирлол, эрүүл аюулгүй нийгэм гээд үр хүүхдийнхээ төлөө санаа зовинох олон асуудал байхад нэмээд хүнд цүнх үүрснээсээ болоод эрүүл мэндээрээ хохирч үлдэхвий гэсэн бас нэгэн том асуудал гарч ирэх вий дээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?