АРГЕНТИНЫ ШҮҮХЭЭС МИЛЕЙГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРИМ АЛХМЫГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

2024-02-01  

Аргентины Холбооны шүүх Ерөнхийлөгч Хавьер Милейгийн гаргасан зарлигийн хоёр заалтын хэрэгжилтийг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Эдгээр нь хөл бөмбөгийн клубүүдтэй холбоотой заалтууд юм.

Ерөнхийлөгчийн зарлигийн 335, 345 дугаар заалтуудыг "эцсийн шийдвэр гаргах хүртэл" түдгэлзүүллээ гэж Аргентины хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ. Эдгээр заалт нь Үндсэн хуульд харшилж байна гэж хүлээн зөвшөөрөхийг шаардсан нэхэмжлэлийг Сальто хотын хөл бөмбөгийн холбооноос шүүхэд гаргасан байна.

Хөл бөмбөгийн клубүүдийг хувьцаат нийгэмлэг болгох гэсэн Милейгийн шийдвэр нь олон улсын спортын байгууллагуудын зүгээс Аргентины хөл бөмбөгийн холбоонд хориг тавихад хүргэж болзошгүй гэж  өмнө нь анхааруулж байсан юм. Олон улсын Олимпын хороо, Олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрэмд зааснаар бол төрөөс спортын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон тохиолдолд торгууль шийтгэл оноодог. 

Аргентины засгийн газрын санал болгож буй шинэчлэл нь хөл бөмбөгийн клубүүдийг гадаадынхан худалдаж авснаар тус улсад валют орж ирэхэд дөхөм болно гэж үзэж байгаа аж.

Шүүхээс Милейгийн зарлигийн заалтуудыг хэрэгжүүлэхийг түр зогсоосон хоёр дахь тохиолдол нь энэ юм. Өмнө нь Хөдөлмөрийн маргааны шүүхийн танхимаас уг баримт бичгийн хөдөлмөрийн хууль тогтоомжтой холбоотой хэсгийг Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзжээ. 

Милей өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд ард иргэддээ хандаж үг хэлэх үеэрээ онцгой зарлиг гаргах болсноо мэдэгдсэн юм.  Түүний зарлигт төрөөс үнийг зохицуулдаг байдлыг халах, олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн дүрэм журмуудыг өөрчлөх, төрийн өмчит компаниудыг хувьчлах бэлтгэл ажлыг хангах, экспортод хязгаарлалт тавихыг хориглох зэрэг 30 томоохон шинэчлэлийг тусгажээ. Уг баримт бичиг нь өдгөө мөрдөж буй хуулиудыг өөрчлөх, хүчингүй болгоход чиглэсэн 300 гаруй зүйл заалттай юм. Парламентын хоёр танхим үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд зарлиг хүчингүй болно.

 

Эх сурвалж: БУЭНОС-АЙРЕС, 2024 оны нэгдүгээр сарын 31 /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?