Х.НЯМБААТАР: БАРИЛГЫН КОМПАНИУД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗАР ӨГӨХГҮЙ БОЛ ХҮЧЭЭР АВНА

2024-02-07  

Сүүлийн хоёр өдөр хотын дарга газар чөлөөлөлттэй холбоотойгоор баахан “хэрүүл” тарив. Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь танилцахдаа нэлээд ширүүхэн мэдэгдэл хийсэн нь олон хүний дургүйг хүргэх шиг боллоо. Бүр тодорхой хэлбэл өнгөрсөн 30 жилд бетонон ширэнгэ бий болгосон нөхөдтэй нэгийгээ үзэлцэнэ, шуналд нь цэг тавина гэдгээ зарласан нь Х.Нямбаатар болоод барилгын компани, бас бус “зарим” хүмүүс “дайн” тулаандаа тулав бололтой. 

Хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх дүүрэгт 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын жишиг зургаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Олимп хотхонд баригдаж буй сургуулийн барилгыг гацаасан ААН-д арга хэмжээ авахыг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож байна. Техникийн нөхцлийг шийдэж өгөхгүй бол тухайн аж ахуйн нэгжийн бүх газрын зөвшөөрлийг цуцална. Олон барилга барьж, ашиг орлого олсон аж ахуйн нэгжүүдийн барилгыг худалдаж авсан иргэдэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг  шийдэх гэж байна. Кристал таун хотхоноос урагш Цэцэрлэгт хүрээлэн хүртэл нэвт гарц гаргана. Тендерийг Баянзүрх дүүрэг зохион байгуулж, хөрөнгийг нийслэл шийдэж өгнө.

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40 мянган иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга. Түгжрэлийн гол шалтгаан нь хүүхдээ зөөх, дэлгүүр хоршоо орох, ажилдаа явах зэргээс болж байна. Сүмбэр орд компанийн эзэмшиж буй газраас 4.002 м.кв газрыг авч, сургууль цэцэрлэг барьж байгааг хэлье. Олимп хотхоны урд талын Сэнтури Лэндмарк компанийн газраас 5000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх үедээ танилцуулна" гэж хэлсэн. Үндсэндээ нэмж барилга барихаар төлөвлөж буй компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барина. Баянзүрхийн нэр бүхий хороодод нэг аймгаас олон хүн ам жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Томоохон барилгын компаниуд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз. Энэ бүхэн төлөвлөлтийн алдаа гэхээс илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр хайр найргүй хандсан увайгүй үйлдэл гэдгийг онцолсон.  

Түүнчлэн олон жил дамжин ашиглалтад ороогүй, царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудын жагсаалтыг гаргаж, танилцуулах, ашиглалтад орохгүй удаж байгаа нь тендер сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, авлига үүссэнтэй холбоотой тул АТГ-т шалгуулна гэдгийг энэ долоо хоногийн Нийслэлийн шуурхай хуралдаан дээр нухацтай ярьжээ. Цаашлаад сургууль, цэцэрлэгийн газрыг шийдээгүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хуулийн дагуу газар авсан эсэхэд шалгалт хийх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?