Антарктид дахь Хятадын судалгааны 5 дахь станц болох Циньлинийг өнөөдөр ашиглалтад орууллаа.
Уг станцыг Росс тэнгисийн бүсэд 5.2 мянган хав.дөр. м талбайд барьсан бөгөөд зуны улиралд 80, өвлийн улиралд 30 хүртэлх судлаачийн бүрэлдэхүүнтэй багуудыг хүлээн авах юм. Хятадын эрдэмтэд салбар дундын төслүүдийг багтаасан олон тооны судалгаа хийхээр төлөвлөж байна. Тэд байгалийн үзэгдлүүд, хүрээлэн буй орчин, ан амьтад, түүнчлэн Антарктидын эрэг орчмын усан мандлын төлөв байдлыг тандана.
Мөн Австрали, Норвегийн эрдэмтэдтэй хамтран судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажээ. Материал техникийн хангамжийн асуудлаар ОХУ, Австрали, Их Британи, Итали, БНСУ, АНУ, Чили зэрэг улстай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Антарктидад Хятад улсын Чанчэн (1985 онд байгуулсан), Жуншань (1989 оноос хойш ажиллаж байна), Кунлун (2009), Тайшан (2014) гэсэн дөрвөн станц ажилладаг.
2023 оны 11 дүгээр сард Хятадын шинжлэх ухааны судалгааны 40 дэх багийн эрдэмтэд "Сюэлун", "Сюэлун-2" мөс зүсэгч хөлөг онгоцуудаар Шанхайн боомтоос Антарктид тивийг зорьсон юм. Мөн Хятадын шинэ судалгааны станцын тоног төхөөрөмжүүдийг ачсан “Тяньхүэй” ачааны хөлөг онгоц Жянсү мужийн Жанзянган боомтоос хөдөлжээ. Судалгааны багт 80 байгууллагын 460 хүн оролцож байгаа бөгөөд тэд 2024 оны дөрөвдүгээр сард буцаж ирэхээр төлөвлөсөн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ станц ашиглалтад оруулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, туйлын бүс нутгуудыг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь нийт хүн төрөлхтний хөгжил дэвшилд сайнаар нөлөөлнө гэлээ.
Эх сурвалж: БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 7. /CGTN/