"ХЭН ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ВЭ" ГЭДЭГ НЬ ЭНЭ СОНГУУЛИЙН ФОКУС БОЛНО

2024-02-21  

“УИХ-д нэр дэвшинэ” гэсэн хүн тойм алга. “Ямар ч байсан нэр дэвшинэ” гээд шийдчихсэн хүмүүс хаа сайгүй. Зарим нь бүр аль намаас яаж нэр дэвшихээ ч мэдэхгүй тууж явна. Тэднээс “Хуулиа сайн уншсан уу” гэж асуумаар байгаа юм. Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгууль том тойрогт явагдаж, 126 гишүүн сонгохоор болсон. Нэр дэвших хүсэлтэй хүмүүст энэ “олон тоо” л итгэл найдвар өгөөд байх шиг байна. Тойруулалгүй хэлэхэд ирэх сонгуульд нэр дэвшээд гишүүн болоод ашиггүй л болчихоод байгаа шүү. Өмнөх УИХ-ын гишүүд шиг даргын дархан эрх эдлэхгүй. Зөвхөн хууль тогтоох үндсэн үүргээ л үг дуугүй биелүүлдэг гишүүн болно. Хуулийн өөрчлөлтийн зорилго нь ч тийм юм байна билээ. Мөн Ашиг сонирхлын хуульд “аймаар” заалтууд орж өөрчлөгдсөн. Хавь ойрынхон нь хяналтад орно. Байдгаа ухуулна. Бүх гар хөлөө тушуулна. Товчхондоо ийм. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газар дээр л бүх зүйл төвлөрнө. Үндсэн хуулийн 2019, 2023 оны өөрчлөлтүүдийн үндсэн агуулга нь тэр. Тэгэхээр Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг л гол ирэх сонгуулийн фокус болно. Нэг үгээр хэлбэл “Хэн Ерөнхий сайд болж ямар бодлого хэрэгжүүлэх вэ” гэдэг дээр илүү анхаарал тавигдахаар байна.

Парламентын засаглалтай улс орнуудад ч ийм туршлага дээр явдаг. Ерөнхийдөө Английн парламентаас эхтэй вестминстер, Герман маягийн Боннын загварын дагуу сонгуулийн дараахь төрийн хэлбэр бүрддэг. Эрх мэдлийн хуваарилалт ч гэж болно. Вестминстерийн загвар нь “Төрийн үйл ажиллагааны мөн чанар нь улс төрийн бодлого бөгөөд сонгуульд ялсан нам төрийн хууль тогтоох, гүйцэтгэх бүх эрхийг эдэлнэ” гэдэг агуулгатай. Харин Боннын загвар нь “Эрх мэдлийг тэнцүү хуваарилдаг. Дүнд нь парламент дахь улс төрийн тэмцэл хязгаарлагдаж, Засгийн газар тогтвортой байдаг” гэсэн бодлоготой. Манай улсын намуудын төлөвшил, сонгуулиудын дараахь төрийн бүтцүүдээс харахад Вестминстерийн загвар хэрэгждэг. Гэхдээ зарим тохиолдолд, тухайлбал 2012 оны сонгуулийн дараа Боннын загвараар хуваарилалтыг хийснээр Засгийн газар улам хэврэг болж байсан түүх бий. Ерөнхийдөө аль ч загварын амьдралд буусан хэлбэр, улс орнуудын парламентын сонгуулийн дүнд “Засгийн газар яаж бүрдэх вэ, хэн тэргүүлэх вэ” гэдэг л хамгаас чухал нь болж ирсэн байдаг.

Сүүлийн үед жишээ болж буй 80-аад жилийн тэртээх Английн сонгуулийг дурдаж болох юм. Тухайн үед Англичууд Ерөнхий сайд Черчилльдээ сайн, маш их дэмждэг байв. Тэгсэн атал 1945 оны сонгуулиар намыг нь унагачихсан. Нам нь унасан учраас Черчилль буусан. Гэтэл англичууд сонгуулийн дараа “Черчилль хаачив” гэж гайхсан гэдэг. Ингээд таван жилийн дараах 1951 оны сонгуулиар “Черчиллийн нам мөн үү” гэж байгаад намыг нь дэмжиж гаргаж ирсэн. Тэгж түүнийг дахин Ерөнхий сайдаар томилуулах замыг гаргасан байдаг. Энэ нь парламентын засаглалтай орнуудад гүйцэтгэх засаглал ямар их үүрэг, нөлөөтэйг харуулж буй юм. Манайх одоо ялгаагүй. Ирэх зуны сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага ес дэх удаагийн УИХ-ыг сонгоно. Гэхдээ тэндээс тус сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газар байгуулагдана. Дахин хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтүүдээр Засгийн газрын ажиллах чадамжийг нэмсэн. Түүнийг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. Тиймээс Ерөнхий сайд хэн байх нь чухал болчихоод байгаа хэрэг.

Өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам бий. МАН, АН, ХҮН-ынхан өнөөгийн УИХ-ыг бүрдүүлдэг. Тэд намын дүрэмдээ сонгуульд ялбал хэн Ерөнхий сайд болохыг заасан байна. АН-ын Үндсэн дүрмийн 5.17.6.5-д “Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын дарга нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшинэ” гэсэн байдал. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан. ХҮН намын дүрмийн 6.2.4-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна” гэж заажээ. Дүрмээрээ бол АН ялбал Лу.Гантөмөр, МАН бол Л.Оюун-Эрдэнэ, ХҮН нам ялах юм бол Т.Доржханд Ерөнхий сайд болохоор байна. Гэхдээ энэ нь хууль биш дүрэм. Заавал хэрэгжих ёстой хуулийн заалт биш гэсэн үг. Тэгээд ч манайд УИХ-ын сонгуулийн намын даргаас өөр хүнийг Ерөнхий сайдаар зарлаж байсан явдал бий. 2020 онд АН-ын дарга С.Эрдэнэ байсан ч сонгуулийн өмнөхөн “Хэрвээ АН сонгуульд ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлачихаж байв. Тиймээс яг иймэрхүү байдлаар намууд сонгуулийн дараахь Ерөнхий сайдаа зарлах магадлал өндөр байна. Яагаад гэвэл “Хэн, хэн УИХ-ын гишүүн болох вэ” гэхээс илүүтэйгээр “Хэн дараагийн Ерөнхий сайд вэ” гэдэг нь энэ сонгуулийн фокус болж мэдэхээр байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
СЕХ: Г.Сайханбаяр сонгуулийн компанит ажлаа зогсооно, гэхдээ...
Д.Оюунбилэг: Чингэлэг саатаад буй шалтгааныг мэдэхгүй ч асар их ашиг сонирхлын зөрчил явж буйг харж байна
Х.НЯМБААТАР: ҮНДСЭН ХУУЛЬД "МОНГОЛД УЛСЫН НИЙСЛЭЛ НЬ УЛААНБААТАР ХОТ" ГЭЖ ЗААСАН БАЙГАА. ЭНЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ГАЗРЫГ ГАДНЫХАНД ӨГӨХ ОРОЛДЛОГЫГ ХАРИН Ч Ч. ХҮРЭЛБААТАР САЙД ЗОГСООЖ ЧАДСАН ЮМ ШҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН ЗОРИГ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ҮНЭНЭЭ ХЭЛЧИХ, ХЭЛЖ БАЙСНАА ЯРЬЧИХ
СУДЛААЧ П.БАТХИШИГ: 126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТАД УЛС ТӨРИЙН 5-6 НАМ, ЭВСЭЛ СУУДАЛТАЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Ц.ЧИНБАТ: Х.БАТТУЛГААР ДАМЖУУЛАН КРЕМЛИЙН БОДЛОГО МАНАЙД ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЦАГААН СУВАРГЫГ АВСАН НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ МАШ ТОМ АСУУДАЛ, ДАХИЖ ДАВТАГДАЖ МАГАДГҮЙ
Н.НОМТОЙБАЯР: ЦАГААН СУВАРГЫГ ОВООЛТТОЙ АЛТ ЗЭС БАЙДАГ ГЭЖ БОДООД БАЙДАГ ЮМ УУ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ
АРДЧИЛСАН ОРНУУДАД СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БОЛ МАНАЙД АЛЬ БОЛОХ ХААЖ, БООЖ СОНГОГДОХГҮЙ БОЛГОХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?