АЗ БОЛЖ ЗУД БОЛЛОО

2024-02-26  

Ардчиллынхны дуулдаг

“Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ” хэмээн шүлэглэсэн “Хонхны дуу” хэмээх дуу бий. Тэгвэл яг үүнтэй адил шаварт суусан МАН-ынхан ирэх сонгуулиар ард түмэнд хэлэх үггүй, уулзах нүүргүй улалзаж суутал аз болж зуд боллоо. Зудыг арилгадаг баатар болж бүс тойргоороо явж ард түмнийг аварч байгаа тухай жүжиг тавихад үнэхээр хэрэгтэй зүйл ажээ, энэ их цас, жавар.

МАН эрх барьж байх найман жилийн хугацаанд Монголын нийгэм, эдийн засгийг сөхрүүлсэн. Ямар сайндаа л 2023 оны намар дефолт зарлах эсэхдээ тулах вэ дээ. МАН-ын гай, балаг 2016 оноос эхлэн тоологдоно. Анх мөрийн хөтөлбөрөө татвар нэмэхгүй гэж тодоос тод бичиж, иргэдийн итгэлийг олж үнэмлэхүй олонх болсныхоо дараахнаас л татвар нэмж эхэлсэн. Ажилтан, ажил олгогч тус бүр 10 хувийг төлдөг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг жилээс жилд нэг хувиар нэмсээр өнөөдөр 26.7 хувь болсон. Дараа нь бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхэлсэн. Ингээд зогсоогүй, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосон. Суудлын автомашины албан татвар, шатахууны онцгой албан татвар, импортын тамхины татвар, тамхи, согтууруулах ундааны албан татвар… Татвар, татвар, татвар. Иргэд аж ахуйн нэгжийн хосыг нь шувтартал татвар нэмсэн. Ингэж төсвийн орлогыг бүрдүүлсэн. Төсвийн зарлагыг тэлсэн. “Татвар нэмэхгүй гэсэн яалаа” гэсэн сэтгүүлчийн асуултад “тэр амлалт өнгөрсөн сонгуулийнх л даа” гэж хэлээд араас нь даапаалан инээсэн.

Ингээд л төсвийн мөнгөөр намынхнаа угжиж гарсан. ЖДҮ-гээс эхэлье. Засгийн газраа унагахгүйн тулд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гишүүн бүрд 950 сая төгрөгийг тараасан. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих, тэднийг дэмжих зээл МАН-ын цулайсан хэдэн нөхдийн халаасанд орсон. Өөдгүй байсан. Ямар ч совестгүй, үхэхээс бусдаар юу ч хийж мөнгө олж мэдэхээр тэр нөхдүүд одоо ч Монгол төрийн өндөр албанд суугаа. Тэд төрд нүүрлэх хулгайн “шанг” татсан. Араас нь боловсролын зээлийн сан, тариалан эрхлэлтийн сан гээд явж өгнө. Нийт 21 сан бий. Эрх мэдлээрээ далайлгаж авгай хүүхэд, ач гуч, найз нөхөд юу байдаг юм бэ тэр бүхэнд иргэдэд очих хөнгөлөлттэй зээл бүхнийг авсан. Зээлээ төлөөгүй мурьсан нь ч бий. Тэр нь Хөгжлийн банкаар илэрсэн. Эрх мэдлээрээ далайлгаж авсан зээл ихэнхийг нь эзэлнэ. Авахдаа яаж далайлгаж, яаж авсан яг тэр хандлагаараа хандсан. Зээлээ төлөөгүй. Бодвол хэзээ нэгэн цагт тэглэчихнэ гэсэн дэврүүн бодлынх биз. Чанаргүй зээл олширсон. Хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирсэн. 500 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй монголчуудын бүү хэл дэлхий нийтийн өмнө шившиг болонгоо алдсан. Аргаа барсан хэрэг л дээ, УИХ-ын нээлттэй сонсгол, Шүүх хурал болсон. Шүүх танхимд багтахгүй их эзэн холбогдогчид. Арга ядахдаа Улаанбаатар чуулгын байранд тэдний хэргийг шүүн тасалсан. Иргэдийг тавлаад ч байгаа юм шиг, ноёлоод ч байгаа юм шиг тайлбар мэдүүлгүүд. Хамгийн муухай нь зарим улстөрчид олны хэл амнаас айхдаа хэдэн жил, сараар төлөөгүй байсан эргэн төлөлтөө хэдхэн хоногийн дотор төлчихсөн. Тэр нь мянга, саяар бус тэрбум, их наядаар тоологдоно. Шүүхээс тэр хэргийн захын жараахайд хариуцлага тооцосхийгээд эзэн холбогдогч эрх мэдэлтнүүдийг ялаас мулталсан.

Монголын нийгэмд өрнөх хүн айж цочмоор улс төрийн сенсаци үүгээр дуусаагүй. 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гээд л араас нь гараад ирсэн. Монголчууд тэр аяараа харвах шахсан. Улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний дүнтэй хулгай. Арай ч 40 их наяд биш байсан юм билээ л дээ. МАН-ын охин нам гэгддэг ХҮН намын даргаас гарч ирсэн тоо. 40 их наядаас дөрөв болж буурсан. Муухай хорчин л доо, энэ арга. Бодвол нийгмийн зарим хэсэг 40 их наяд биш байгаа нь яамай гэж хүлээж авсан ч юм билүү, хэн мэдлээ. Аймшгийн хулгай. Төрийн нууцад оруулж байгаад оффтейк гэрээ хийж байгаад идчихсэн. Зах зээлд 400 гаруй ам.долларын үнэтэй байгаа Монголын нүүрсийг 60, 80 ам.доллараар зарсан. Хоосон машин гаргасан. Хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлсэн гэхчлэнгээр хэрэг хөвөрнө. Мэдүүлэг өгөх төрийн өндөр дээд албан тушаалтны урт дараалал ч мөн хөвөрнө.

Араас нь ногоон автобусны хэрэг гарч ирсэн. Мөн улаан, цэнхэр автобусных ч байгаа. Автобус гэх хүйтэн, ноорхой зооринд хөл дүүжилж байгаа нийслэлчүүдийг сонгосон төлөөлөл нь өрөвдөөгүй. Автобусны тендер дундаас завшсан хэрэг дэндүү муухай байсан. Ер нь энэ олон хэргийн дараа монголчууд хулгайг их хулгай, бага хулгай гэж ялгахдаа тулсан. Угтаа хулгай бол хулгай. Хулгайч бол хулгайч. Ийм хүн ичиж үхмээр хэргүүдийн араас сонгуульд оролцоно гэдэг Ардын намынханд үнэндээ хүнд байсан. Бүгд л нэр нүүрээ барчихсан, хулгай зэлгийд орооцолдчихсон, авлига албан тушаалын хэрэгт уначихсан тэд иргэдтэй нүүр тулж уулзана гэдэг маш хүнд даваа байлаа. Гэтэл МАН-ынханд “аз болж” зуд болсон. Шуудай, шуудайны тал хивэг тэжээл, нэг хоёр боодол өвс барьсан улстөрчид Монголыг, зургаан бүсийг өнөөдөр хэрэн хэсэж байна. “Зам боогджээ болохоо байлаа, малчдадаа тусалъя” хэмээн дуу хадаан тэд гүйлдэж байна. Сүр дуулиантай л байна. Далай шиг их цасан дунд амь зууж гарах гэж ядаж яваа малчдад хань бараатай л байна. Гэвч бодитоор тус дэм болж байгаа эсэхийг малчид хэлнэ биз. Сошиалаас зураг, бичлэгийг нь харж суугаа бид яаж мэдэх вэ. Хүрз барьж хөр цас малтсан гүндүүгүй сайхан улстөрчид зуд болж байгааг өчигдөр гэнэтхэн мэдээгүй нь лавтай. Үүнийг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Гагц тойргийн иргэдэд очих нүүргүй болсон учраас зуд олз болгож байгаа юм. Гэхдээ зөвхөн ганц удаагийн сонгуулийн очков болгоод л өнгөрөөх гээд байна. Уул нь энэ зудыг далимдуулан нүүдлийн мал аж ахуйг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Хашаа хороог нь стандарттай болгох, тэдэн малтай бол тийм тийм тэжээл бэлтгэх, өвс хадланд гарах гэх мэтийг нь заагаад хуульчлаад өгөх хэрэгтэй байна. Хариуцлагагүй пин саравчгүй өвс тэжээл бэлдээгүй бол 50 толгойгоос дээш мал маллахыг нь хориглодог, чи барахгүй ээ амьтан өлдөөж хөлдөөж ална гэдгийг нь хэлээд болиулах эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх суурь тавих зэргийг шийдээд явмаар байгаа юм. Даанч ганц сонгуулиас цаашихыг харж чадах төрийн бодлоготон байх биш дээ. Дэлхий биднийг ийм олон амьтан өлсгөөд, бас хөлдөөгөөд алчихсаныг мэдвэл бараг мал маллахыг минь хориглох байх аа. Сайн анзаарахгүй дээ л бид ингэж ямар ч сэтгэлгүй хүмүүсийн гараар өчнөөн төчнөөн саяараа бодь галын халуун амь тасалж байгаадаа хариуцлага хүлээхгүй сууцгааж байх шиг байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?