ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ FOX NEWS-Т ЯРИЛЦЛАГА ӨГӨВ

2024-02-26  

Кремлийн цасан цагаан сандал дээрээс Америкийн үзэгчдэд хандан “Украинд болж буй үйл явдлыг америкчууд тоохгүй байх ёстой” гэж мэдэгдсэн Владимир Путинээс ялгаатай нь Владимир Зеленский нурсан байшингийн ханын дэргэд сууж АНУ-ын телевизийн Fox News сувгийн сурвалжлагч Брет Байерт 45 минутын ярилцлага өгөв. Мөн түүний мессэж нь“Украины дайн бол хүн бүрт, тэр дундаа америкчуудын хувьд маш чухал зүйл” гэж хэлсэн явдал байв. Энэхүү ярилцлагыг Америкийн Fox News суваг олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд энэ сувгийг ихэвчлэн Бүгд найрамдах намыг дэмжигчид үздэг юм.

Зеленский Байрт яагаад Харьков мужийн Купянскийн фронтын бүсэд ярилцлага өгсөн нь ойлгомжтой зүйл. Дайны эхэн үед Оросын цэргүүд энэ хотыг, мөн Харьков мужийн ихэнх газар нутгийг эзлэн авч, тэнд захиргаагаа байгуулж чадсан. Гэвч Украины зэвсэгт хүчин тус бүс нутгийн Орост эзлэгдсэн ихэнх нутаг дэвсгэрийг эргүүлэн авсан. Мөн өнөөдөр ерөнхийлөгч Путины сонгуулийн өмнө Оросууд энэ сууринг эзлэн авч түүнд “бэлэг” болгох гэж бүх хүчээр чармайж байгаа юм.

Байер Зеленскийгээс Путины ярилцлагыг үзсэн эсэхийг асуухад Украины ерөнхийлөгч “Надад бидний тухай, дайны тухай, АНУ-ын тухай түүний хоёр цагийн бүрэн утгагүй яриаг сонсож суух цаг байхгүй” гэж хариулжээ.

Дональд Трампыг Украинд биечлэн ирэхийг Зеленский өмнө нь санал болгож байсан бөгөөд Fox News-т өгсөн ярилцлагадаа ч “Хэрэв Трамп энд ирвэл би түүнтэй шууд фронтын шугамд очиход бэлэн байна. Хэрэв тэр энд ирвэл бүх зүйлийг өөрийн нүдээр харж, бодит байдлыг ойлгоно гэж би бодож байна”гэж хэлжээ.Мөн Владимир Зеленский “Энэ дайны талаар хоёр өөр үзэл бодол байж болохгүй. Бүх хүнд ганц л дайсан байгаа, тэр бол Путин” гэж онцолсон байна. Америкийн тусламж гацаж байх хооронд Оросын цэргүүд хоёр жилийн турш эзлэн авч чадаагүй байсан Донецк мужийн Авдеевка хотод орсон явдлыг Брет Байер асуухад Зеленский үүнийг Оросын сүүлийн есөн сарын хамгийн том амжилт гэж нэрлэжээ. Үнэхээр ч гурав хоногт Киевийг, долоо хоногт Украиныг эзэлж авна гэж байсан Путин хоёр жилийн дараа газрын хөрстэй тэгшилсэн, Украины нэг жижиг хотыг эзэлсэн хэмээн бөөн баяр хөөр болж байгаа билээ. Зеленский Авдеевка дахь нөхцөл байдлын талаар “Гэхдээ Оросын хяналтад орох гэдэг яг юу гэсэн үг болохыг хүн бүхэн үнэнээр нь ойлгох хэрэгтэй. Тэдний стратеги бол бүх зүйлийг устган нурааж, дараа нь цааш дахин давшиж, энэ үйлдлээ давтах явдал” гэж хэлсэн байна. Мөн “Энэ хоёр жилийн хугацаанд тэд Харьков мужийг эзэлсэн ч одоо бид энэ бүсийг хянаж байна. Хар тэнгис дэх тэдний бүслэлтийг сэтэлж, бид одоо өөрийн гэсэн үр тарианы коридортой болж, Оросын флотын олон хөлөг онгоцыг устгаж чадсан. Бид үүнийг хоёр жилийн дотор хийсэн. Тийм ээ, өнгөрсөн жил бидний хувьд ихэнх тохиолдолд хэцүү байсан, гэхдээ … юу хийсэн бэ гэвэл манайхан сайн байлдсан” гэж Зеленский ярьжээ. “Сайн байлдсан” хэдий ч Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа генерал Александр Сирскийг яагаад томилсныг” Fox News”-ийн сэтгүүлч асуухад “Би Залужный болон түүний хийсэн бүхэнд талархаж байна. Бид илүү хурдан байх хэрэгтэй. Энэ нь бидэнд байгаа хүнд суртлаас салах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол бидэнд ямар ч боломж гарахгүй. Мэдээжийн хэрэг илүү хурдан байж гэмээнэ та технологийн хувьд илүү боломж бүрдүүлж дайсныг ялна” гэж Зеленский хариулжээ.

Владимир Путин саяхан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Орос улс “хэлэлцээрээс хэзээ ч татгалзаж байгаагүй” гэж баталж, зөвхөн “Зеленскийн Путинтэй хэлэлцээ хийх боломжгүй гэсэн зарлиг л саад болж байна” хэмээсэн Брет Байертын асуултад Зеленский”Манай иргэдийг алж, устгаж буй танкны даргатай хэлэлцээр хийнэ гэдэг ямар ч утгагүй зүйл. Макрон, Шольц нар энэ дайн эхлэхээс өмнө Путинтэй уулзаж ярилцахад тэр ямар ч халдлага болохгүй гэж өөрийн амаар баталж байсан. Ийм хүний үгэнд хэн ч итгэж хэлэлцээр хийх ёсгүй” гэж хариулжээ. “Дайн хэзээ дуусахыг Украинчуудаас асуух нь шударга бус” гэж Зеленский нэмж хэлээд “Бид энэ дайныг дуусгахын тулд боломжтой бүхнийг хийж байна. Гэхдээ шударга байцгаая! Үнэндээ дэлхий нийт Путины ялагдалд бэлэн биш байна. Мөн Орос задарна гэдгээс олон улс төрч айж байна. Тиймээс Путин нэртэй алуурчин бүх улаан шугамыг давсан, тэр бүх дэлхийд заналхийлж байна, тэр НАТО-г устгах төлөвлөгөөтэй байна, түүнийг хүн биш гэдгийг дэлхий нийтийн ихэнх нь ойлгосон цагт л энэ дайн дуусах болно. Бид та бүхний нийтлэг үнэт зүйлсийн төлөө тэмцэж байгаа учир та бүхэн бидэнд туслаач, дэмжээч, нэгдэцгээе” гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин Г.АМАРСАНАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?