ГЕРМАНЫ ЦЭРГИЙН БИЧЛЭГ ШУУГИАН ДЭГДЭЭЖ БАЙНА

2024-03-07  

ОХУ-ын хэвлэл мэдээлэл өнгөрсөн долоо хоногт Германы цэргийн өндөр албан тушаалтнуудын 38 минутын аудио бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэгт Кремлийн түрэмгийллийн эсрэг Украиныг хэрхэн дэмжих талаар ярилцсан байна. Харин ХБНГУ-ын Засгийн газар тэрхүү харилцан яриа бүхий бичлэгийг үнэн болохыг баталлаа.

АУДИО БИЧЛЭГТ ЮУНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦСЭН БЭ?

Германы агаарын цэргийн хүчний дарга Инго Герхарц Германы зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэг болох “Luftwaffe”-ын өндөр албан тушаалтнуудтай “Үхрийн далавчит” хэмээн нэрийдсэн алсын тусгалт агаарын пуужинг Украинд нийлүүлэх боломжтой эсэх, цэргүүдийг хэрхэн сургах талаар хэлэлцсэн байна. ХБНГУ-ын хууль тогтоогчид ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хоёр жилийн дараа Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр Герман улс ОХУ-тай хийж буй дайнд Украинд дэмжлэг үзүүлж буй хоёр дахь том хандивлагч болж буй юм. Гэвч Германы ерөнхий сайд канцлер Олаф Шольц мөргөлдөөн олон улсын хэмжээнд хурцадахаас сэргийлэн дээрх пуужинг нийлүүлэхээс татгалзсан байна.

Энэ үеэр холбоотнуудын үйл ажиллагааны талаар нарийн тодорхой зүйлсийг дурьджээ. Тодруулбал, Их Британи Украинд илгээсэн “Storm Shadow” болох богино зайн  агаарын пуужин болон Франц улсын “Scalp” зэрэг далавчит пуужингуудыг хэрхэн тээвэрлэсэн, байршуулсан талаар хэд хэдэн баримтуудыг дэлгэжээ.

Албаны эх сурвалж Их Британи Украинд пуужин программчлахад шаардагдах хиймэл дагуулын мэдээллийн ашиглаж байгаа бол Франц тус мэдээллийг дамжуулан авч байгаа хэмээн хэлжээ. Тэрээр Германы хувьд ч Францтай адил байр сууринаас оролцох боломжтой. Ингэснээр улс төрийн улаан шугамыг давалгүйгээр пуужинг байршуулах боломжтой гэсэн байна.

ЯАГААД ИНГЭЖ ШУУГИАН ТАРИВ?

Олон нийт цэргийн нууц мэдээллийг нийтэд ил тод цацсаныг буруушааж Герман улс аюулгүй байдлын талаар дахин нэг анхаарах шаардлагатайг баталж байна. Мөн Германы засгийн газраас мэдээлснээр аудио бичлэгт оролцсон нэг оролцогч Сингапур дахь зочид буудлын өрөөнөөсөө онлайн хэлэлцүүлэгт оролцсон болохыг баталжээ.

Мөн Германы холбоотнууд мэдээлэл алдагдсан талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй юм. Тодруулбал, Их Британийн ерөнхий сайд Риши Сунакын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд “Энэ бол Германы тал шалгах асуудал юм. Бидний зүгээс Украинд үзүүлэх дэмжлэгийн хүрээнд ХБНГУ-тай хамтран ажилласан хэвээр байх болно” гэв.

Тус бичлэгт дурдсан “Үхрийн далавчит” пуужин нь хүчин чадлын хувьд алсын тусгалын пуужингаар дээгүүр үнэлэгддэг. Тийм ч учраас канцлер Олаф Шольц Украины мөргөлдөөнд хэт шууд оролцох, дайсагналыг дэвэргэхээс сэргийлж байгаа аж.

ГЕРМАН УЛС ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛСЭН БЭ?

ХНБГУ-ын зүгээс энэхүү мэдээллийг задруулсан нь ОХУ-ын “Хосолмол хуурамч мэдээллийн халдлага” хэмээн тодорхойлоод байна. Ингэснээр холбоотнуудын хооронд зөрчил үүсгэх зорилготой байж болох юм. Түүнчлэн дайнд бэлтгэсэн гэж буруутгаж буй нь утгагүй суртал ухуулга хэмээн мэдэгджээ. Германы эрх баригчид энэхүү хэргийг шалгаж байгаа ба аюулгүй байдлын протокол зөрчсөн эсэх нь хараагүй тодорхой болоогүй гэсэн байна.

МОСКВА ЮУ ХЭЛЭВ?

Дуу бичлэгт Германы зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөх төлөвлөгөөг хэлэлцэж байсан. Энэ нь засгийн газрын алдаатай бодлого байсан уу, эсвэл канцлер Олаф нөхцөл байдалд хяналтаа алдсан уу гэсэн асуулт тулгарч байна хэмээн Кремль хариулжээ. Тус мэдээлэл олон нийтэд ил болсны дараа ОХУ-ын гадаад хэргийн яам даваа гарагт Москва дахь Германы элчин сайд Александр Графыг энэ асуудлаар тайлбар хийхийг шаарджээ.

Түүнчлэн 2022 оны сүүлээр Германы гадаад тагнуулын албаны ажилтныг Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн баривчилж байсан. Мөн өнгөрсөн жил эрх баригчид Оросын тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулсан хэргээр цэргийн хангамжийн агентлагийн офицерыг баривчилсан хэрэг гарч байсан юм. Украины цэргийн хангамжийн томоохон нийлүүлэгч болсон Герман улс ОХУ-ын тагнуулын ажиллагааны гол бай болж байгаа нь энэ удаагийн үйл явдлаас ажиглагдаж байна хэмээн Ройтерс агентлаг нийтэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?