ЦАСАНД БООГДСОН 97 МЯНГАН КМ ЗАМЫН ЦАСЫГ ЦЭВЭРЛЭЖ, ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭВ

2024-03-08  

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй өчигдөр танилцлаа. 

Энэ сарын 7-ны өдрийн байдлаар 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд нийт 3 сая 89 мянган толгой мал хорогдоод байгаа юм. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Үүний хүрээнд 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэж, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэсэн байна. 

Мөн Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн 2 дүүргийн 116 мянган иргэдэд 1,162 тн гурил, 584 тн цагаан будаа буюу нийт 1,746 тн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ш туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Түүнчлэн сумдын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 сумд хүлээлгэсэн байна.

Улсын Онцгой комиссын даргын тушаалын дагуу томилсон шуурхай бүлгийн зургаан чиглэлд эрүүл мэндийн багууд өнгөрсөн сарын 19-27-ны өдрүүдэд ажилласан. Тус багууд нь зам даваа хаагдаж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчин өрхийн нийт 470 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 350 өрхөд эмийн багц олгожээ. Мөн 478 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 120 хүнд сэтгэл заслын эмчилгээ үзүүлсэн бол Улсын онцгой комиссын даргын тушаалын дагуу дахин шуурхай бүлгийг 7 чиглэлд эрүүл мэндийн баг болгон гаргаж, аймаг сумдын болон отор нүүдлээр явж буй малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй газар дээр нь үзүүлж, эмийн багц олгохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?