ОДЕТТА, ОДИЛЛИЯГИЙН ДҮРИЙГ Г.НЯМЦЭРЭН, Б.МАРАЛ НАР АМИЛУУЛНА

2024-03-12  

 “Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.

Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг тухай өгүүлдгийг үзэгчид мэддэг болсон биз.

Тэгвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амралтын өдрүүдэд буюу энэ сарын 16, 17-нд “Хунт нуур” дахин амилах гэж байна. Гэвч тасалбар хэдийнэ дууссаныг зохион байгуулагчид онцоллоо. Гуравдугаар сард тус бүжгэн жүжгийг дөрвөн удаа тоглох хуваарьтай байсан юм.  

“Хунт нуур” бүжгэн жүжгийг манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Тэгвэл энэ удаа Одетта, Одиллиягийн дүрд Г.Нямцэрэн, Б.Марал, Зингфридэд Б.Дөлгөөн, А.Эрдэнэболд, Ротбардын дүрд О.Идэрбат, Э.Эрдэнэжаргал, Алиа салбадайд Ц.Мөнгөншагай, Г.Дөлгөөнням нар тоглохоор болов.

Дашрамд дурдахад, хоёр өдрийн тоглолтын гол дүрийн бүрэлдэхүүн өөр байгааг сануулъя. Тухайлбал, 16-нд Одетта, Одиллиягийн дүрд Г.Нямцэрэн, 17-нд Б.Марал тоглох юм. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?