АРАЙ ДӨНГҮҮР ЕРӨНХИЙ САЙД ЗАРЛАСАН НЬ АХИУХАН СУУДАЛ АВНА

2024-03-18  

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийг “Ялагчгүй сонгууль болно” гэж яриад байна. Ямар ч байсан үнэмлэхүй ялагчгүй сонгууль болох нь үнэн. Тийм дүр зураг илт ажиглагдаж байна. Харин ахиухан суудал авсан нь засаг төрийг тэргүүлэх нь ойлгомжтой. Албан бусаар намууд далдуур судалгаа лавлагаа хийсээр байгаа нь тодорхой. Тэрнийх нь дүн мэдээ улс төрийн хүрээнд яригдсаар л байна. Тийм мэдээллээр баттай ялах магадлалтай нам одоогоор гарч ирэхгүй байна гэнэ.Тэр байтугай Монголын улс төрийн бүх нам нийлээд нийт сонгогчдын 50 хувийг авах чадалгүй болоод байгаа ажээ. Энэ үнэн байх магадлал маш өндөр. Тийм ч биз.

Одоогоор УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН гэсэн гурван нам байдаг. Мөн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа МНН-МҮАН-ын Үндэсний эвсэл, ИЗНН, ШИНЭ нам, Үнэн ба зөв, ИОНН зэрэг намууд байна. Араас нь “Ганц хүний шийдвэрээр гэнэт гарч ирээд улс төрийн сонгуульд ордог” гэгддэг БНН, Эх орон нам, Ард түмний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд жагсана.

Намууд ийм тааруухан нэр хүндтэй байгаа ч сонгуулийн тогтолцоо, агуулгын хувьд ирэх сонгуулийн эцэст тэднээс л гарч ирж л төр барина. Монголын, монголчуудын хувь заяаг атгана. Тэгэхээр “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” афоризмтай эвлэрэхээс өөр аргагүй юм.

Энэ сарын 25-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө бэлэн болгож, холбогдох байгууллагад өгөх ёстой. Хэн хэний, хэдэн нам мөрийн хөтөлбөрөө өгснөөс 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд бүр тодорхой болно.

Намуудын мөрийн хөтөлбөрийн тухайд аливаа сонгуулийн жин дарах асуудал биш болсон. Тэгээд удаж байна. Гоё амладаг. Муухай мурьдаг. Мөрийн хөтөлбөрүүд биелж байсан түүх байхгүй юм. Сонгогчид мэддэг болчихсон. Тиймээс улс төрийн намуудын уярам мөрийн хөтөлбөрийг харж саналаа өгнө гэвэл худлаа.

Мэдээж хэрэг хуультай, дүрэмтэй улс орон учраас Сонгуулийн хуульд зааснаар намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж, түүнийг нь сонгууль, түүнд оролцоотой төрийн байгууллагууд хянаж шалгаад, зөвшөөрөөд, албажуулаад явж л таарах байх.

Харин намууд яавал сонгуулиар санал зулгаах вэ. Энэ удаад УИХ-ын сонгууль цоо шинэ зарчмаар явагдана. Бүсчилсэн 13 том тойргоос 78 гишүүн сонгогдоно. Намуудын жагсаалтаас 48 нь гарч ирнэ. Гишүүдийн тоо нь өссөн биш горилогчид тоймоо алдаад байна. Нэр дэвшүүлэх багтаамжийн хувьд тэр горилогчид Монголын бүх намд хуваагдаад нэр дэвшвэл бараг болчихоор л байна. Хүссэн хүн бүрд боломж байна. Гэхдээ тэдгээр горилогч бүхэн Монголын төрд хэрэгтэй юү. Хамгийн гол нь иргэд тэднийг сонгох уу. Намуудын толгойны өвчин энэ. Одоогоор бүх нам “Санал авах гол зэвсэг бол нэр дэвшүүлэх хүмүүсээ зөв сонгоход оршино” гэж үзэж байгаа бололтой. МАН, АН зэрэг томоохон намууд нэр дэвших хүмүүсээ тодорхой болгоогүй байна. Горилогчдод горьдлого төрүүлээд намын байр, Төрийн ордон хавиар уячихсан. Зангиа шахсан залуус тэдгээр орднуудаар битүү эргэлдээстэй. Жижиг намууд бол зарагдах нь зарагдаад, “эзэн боол”-ын харилцаандаа орчихсон. Нэр дэвшигчдээ бас л шүүж сонжоод явж байна. Гэхдээ том намуудыг бодвол жижиг намуудаас нэр дэвших хүмүүс хэдийнэ тохироогоо хийгээд ажил хэргээ эхлүүлчихсэн харагдана.

Ерөөс ирэх сонгуулийн намуудын найдвар энэ асуудал болжээ. Гэвч одоо цагт сонгогчдод бүрэн дүүрэн таалагдах нэр дэвшигч олох нь өвсөн дотроос зүү хайхтай л адил болсон. Монголчууд цөөхүүлээ, мэдээлэл ил тодорхой болчихсон учраас “Хэн бэ” гэдгийг нь хэлүүлэлтгүй мэдчихнэ. Тиймээс намууд зөвхөн нэр дэвшигчиддээ найдаад хамгийн гоё горилогчдыг хамж авчраад нэр дэвшүүлсэн ч ялах баталгаа байхгүй гэсэн үг.

Тэгэхээр ганц л гарц үлдэж байна. Тэр нь сонгуульд ялах юм бол хэнийг Ерөнхий сайд болгохоо зарлах явдал юм. Энийг улс төрд ойр дөт бөгөөд судалж шинжилдэг хүмүүс хэдийнээс яриад эхэлжээ. Хэрэв энэ үнэхээрийн намуудад тавигдах хамгийн том шаардлага болж байгаа бол бас ч гэж буруу биш. Тэртэй тэргүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмчихсэн. Улс төрийн хийгээд төр засгийн түвшинд хамгийн эрх мэдэлтэй хүн Ерөнхий сайд болчихсон. Олигтой Ерөнхий сайдтай бол улс орон овоо хөгжих, олиггүй хүн энэ албанд тохоогдвол балрах хэмжээний эрх мэдэл өгчихсөн. Тийм учраас намууд энэ албан тушаалд хэнийг томилохоо эртхэн хэлчих хэрэгтэй гэсэн санаа яваад байгаа юм.

Одоогийн улс төрийн намуудын дүрэмд голдуу “Хэрэв сонгуульд ялбал намын дарга нь Ерөнхий сайд болно” гээд заачихсан байна. Дүрэм журам нь тодорхой намуудыг харахад шүү дээ. Заримынх нь дүрэм ч ил тод байдаггүй юм байна.

Дүрмээр нь харвал МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Лу.Гантөмөр, ХҮН намаас Т.Доржханд, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, ИЗНН-аас Б.Батбаатар, МУНН-аас Б.Батболд, МЛАН-аас Д.Пүрэвдаваа, Эх орон намаас Б.Цэрэнбалжир, БНН-аас Б.Жаргалсайхан, МСДН-аас А.Ганбаатар, АТН-аас Л.Гүндалай, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ЗОН-аас Э.Одбаяр, ИОНН-аас Ц.Оюунгэрэл гарч ирэхээр байна.

Гэхдээ эднийг сонгогчид хэрхэн таалах вэ. Энэ ихээхэн чухал. Хэн нь Ерөнхий сайд болох юм бол энэ улс орон хөгжих вэ. Заавал тавигдах асуулт.

Нөгөө талаас, намуудын хувьд ялалт байгуулсны дараа өөр хүнийг ч Ерөнхий сайдад сойж байгаагаа зарлах боломжтой. Ийм бололцоо бий. Тийм туршлага ч байдаг. Ойрхных гэвэл 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэ байхдаа “Сонгуульд ялах юм бол АН-аас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гээд зарлаж байсан. Бүр танхимынх нь сайд нарыг ч нэрлэж байв. Тухайн үедээ сонгогчдод аятайхан л “замын зураг” болчих шиг болсон. Тиймээс намууд хэрвээ ялалт хийгээд ахиухан суудал хүсч байвал бусдаасаа арай дөнгүүр Ерөнхий сайдыг олж зарлах шаарлагатай л болж байх шиг байна даа.

Эх сурвалж: Ө.Бааст, Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?