ЖОЛООЧ: ГАНЦ ШӨНИЙН ДОТОР 260 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЦАЛИНГ 130 МЯНГА БОЛГОСОН

2024-04-02  

“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв)


-Та нүүрс тээврийн жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу Цагаан хаданд нүүрсний тэрэг бариад ойролцоогоор нэг жил болжээ. Манайх ам бүл дөрвүүлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд цалин хассан шийдвэр гэнэт гарсан. Өмнө нь урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. Урьд орой нь ачаагаа буулгаад талоноо бичүүлэхэд ямар нэгэн цалин хасах талаар мэдэгдээгүй. Маргаашаас нь цалин хассан шийдвэр г аргасан тухай олж сонссон.

-Цалин нь хэдээс хэд болж буурав?

-Өмнө нь өдөрт 260 мянган төгрөгөөр цалинждаг байсан. Мэдээж ачаагаа буулгаж чадвал 100 мянган төгрөгний нэмэгдэл авна. Маш урт цуваа үргэлжилсэн байдаг болохоор сардаа хил гарч ачаагаа буулгах давтамж нь өөр өөр.

Гуравдугаар сарын 25нд ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянган төгрөг болгосон. Эрс 50 хувиар буурсан байгаа юм. Сонгуулийнхаа сурталчилгааны мөнгийг хийх гээд бидний цалинг хасчихлаа гэж харж байна.

-Та хэр уртад ачаа тээвэр лэдэг вэ. Ажлын байрны нөхцөл ямар байна?

-Ачаагаа ачихаас буулгах цэг хүртэл нийт 48км зам туулдаг. Ажлын цагийн хувьд өглөө 08:00-аас 17 цаг хүртэл автомашин дээрээ байна. Мэдээж нүүрс тээвэрлэж байгаа болохоор нүүрс, тортог болсон жолооч нар байгаа шүү дээ. Говь нутаг учир өвөлдөө маш хүйтэн, зундаа маш халуун байдаг. Ажлын байрны нөхцөл гэдэг бол бидний жолоодох машин, хоноглох газар хүртэл орж байгаа гэж боддог. Учир нь бид гэртээ хариад амрах боломжгүй шүү дээ. Ажилчдын байрны хувьд гол хөндөх зүйл бол хоол хүнс, эрүүл мэнд юм. Бид гэхэд сүүлийн хоёр сар зөвхөн будаа идлээ.

-Махны орцгүй дан будаа идсэн гэсэн үг үү?

-Махтай. Ямар ч гурилын хангамж байхгүй гэсэн үг. Бидэнд хэлэхдээ өдөрт 50 мянган төгрөгний өртөгтэйгөөр хооллож байгаа гэдэг. Бодит байдал дээр 50 мянган төгрөг гар дээрээ авах юм бол хамаагүй дээр хоол хийгээд иднэ. Мөн энд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газар, дэлгүүр маш үнэтэй. Бидний кола гэхэд л зургаа, долоон мянган төгрөг болж байгаа юм.

Хамгийн хямд хоол нь 15 мянган төгрөгөөс эхэлдэг. Том тэрэгний жолооч нар гээд биднийг их мөнгөтэй гэж боддог юм шиг байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр Америкийн том тэрэгний жолооч нар шиг биш шүү дээ.

-Та бүхэн нийгмийн даатгал төлдөг үү. Эрүүл  мэндийн үйлчилгээ авч чадаж байна уу?

-Даатгал мэдээж төлнө. Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Төрийн үйлчилгээ гээд хэд хэдэн контейнерүүд л байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа ганц газар нь Хаан банк. Энэ газар маш олон богинын болон уртын тээврийн жолооч нар ажиллаж амьдарч байна. Тэдний ард гэр бүлийнх нь орлого хамаарч байдаг. Энэхүү жолооч нарын эрүүл мэнд муу бол тэд ар гэрээ яаж авч явах билээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?