"ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ"-ИЙН УДИРДЛАГУУД АМНАТ-ИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА"

2024-04-03  

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийн тухай хэлэлцлээ.  Энэхүү тогтоол нь  Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсаг булгийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Дарга нарын ярьж байгааг сонсоход жил бүр 500-600 мянган тонноор төлөвлөж, багассаар байгаа газрын тосны үйлдвэр 2027 онд ашиглалтад орох үед 300 мянган тонн газрын тос олборлох юм байна.  Үүний 24 хувь гэхээр газрын тосны хэрэгцээнийхээ таван хувийг хангах юм байна. Үлдэж байгаа 95 хувийг хаанаас хангах вэ. Тэр газрын тосны үйлдвэр нь 2021 онд ашиглалтад орно гэсэн. Одоо 2027 он болж хойшлоод байна. Өнөөдөр Монголын бүх ажил ингэж л явж байна. Усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Мэнэнгийн тал там болно шүү. Зарим газар нэг литр тосноос нэг литр ус нь илүү үнэтэй байгаа юм биш үү.  Тэр байгалийн цэнгэг усыг хамгаалахад дорвитой ажил хийсэнгүй. Менежментийн гэрээ хийсэн байна. Аливаа гэрээ хоёр талдаа үр ашигтай байх хэрэгтэй. Үр ашиггүй, татвар төлдөггүй ийм гэрээ байх ёсгүй.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Манай яамтай хамаарал бүхий асуудлыг танилцуулъя. "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, мөн 2021 болон 2022 оны төлөвлөгөөг батлах үүргийг өгсөн. Ажлын хэсэг гарч ажилласан боловч дүгнүүлээгүй. Салбар яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг гарган, Дорнод аймагт газар дээр  нь ажиллаж есөн асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан. Химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж, зориулалтын бус ил задгай газар хадгалж байсныг тогтоосон. Гэмт хэргийн шинжтэй хэргийг Нийслэлийн прокурор болон Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, шалгуулж байна.

АМГТГ-ын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал:

-Энэ гэрээг 1991 оны Газрын тосны тухай хуулийг үндэслэн анх 1993, 1995 онд "Соко интернэйшнл ЛЛС" ХХК байгуулсан. Тэгээд 2005 онд лицензээ "Петрочайна дачин тамсаг" ХХК руу шилжүүлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаагаа "Петрочайна дачин тамсаг" ХХК хариуцан ажиллаж байгаа. Анх гэрээ байгуулахад тухайн үеийн хуулийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээн дээрх 10 дугаар зүйл заалт тэр чигээрээ татварын зохицуулалтыг тусгасан. Туслан гүйцэтгэгч компаниудыг бүх татвараас чөлөөлсөн. Ер нь 2012 онд анх нөөцөө оруулж, орд ашиглах төлөвлөгөөгөө 2012 онд батлуулж, үүнээс хойш 2022 онд дахин орд ашиглах төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, тодотголоо хийх шаардлагыг тавьсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор олборлолт байнга буурч байгаа дөрвөн үндсэн шалтгаан байна. Засгийн газар төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагыг тавьж байгаа. Татварын ерөнхий газраас актуудыг тавьж, өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавиад байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 4.7 тэрбум төгрөгийн акт тавьж, хүчээр биелүүлсэн. Мөн Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьсан. Дорнод аймгийн Аудитын газраас акт тавьсан. Хоёрдугаарт, АМНАТ-ын асуудал байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр АМНАТ нь Монголын Засгийн газарт хуваах бүтээгдэхүүнд орсон гэж тусгасан. Гэтэл 2014 оны Газрын тосны тухай хуулиараа АМНАТ-ыг ногдуул гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэрийг "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?