ОХУ-Д СЭТГҮҮЛЧДИЙГ НАМНАХ АЖИЛЛАГААГАА УЛАМ ЭРЧИМЖЛЭЭ

2024-04-04  



  Орос орон дарангуйлагчийн гарт бүрэн шилжсэн. Хэдийгээр цаасан дээр  олон намын тогтолцоотой, чөлөөт сонгуультай гэж  бичдэг ч ,  амьдрал дээр  нэг л хүнийг ерөнхийлөгчөөр, түүнийг дэмжигч улс төрчид,  тойрон хүрээлэгчдийг ДУМ-даа сонгодог жишиг тогтоод гурав дахь арван жил рүүгээ орж байна.
  Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль бол Путины эцсийн сонгууль  гэж  бодох юм.  Нас нь  арай залуу байсан бол тэр дахиад л сонгогдохоос буцахгүй байсан. Гэхдээ түүнд тийм нас үлдсэнгүй.   Зургаан жил гэдэг бол урт хугацаа. Тэр энэ удаагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаагаа  дуусгахад 77 нас хүрч, өтөлсөн байх болно. Түүнийгээ ч  Путин гадарлах тул энэ зургаан жилийн хугацаанд бүх " сумаа" тавих янзтай.   Тэр ширүүлж эхэллээ. Сонгогдсоноосоо хойш дэлхийн гуравдугаар дайны л тухай олонтаа дурдлаа. Түүний эргэн тойрныхон хүртэл энэ сэдвийг л сэвэх болсон нь санамсаргүй явдал  биш бололтой. Энэ бол  аюулын дохио. Тэрбээр   ОХУ доторхи  сөрөг хүчнээ үндсэндээ дарж дууссан. Сүүлчийнх нь Навальный ч байж мэдэх. Одоо түүнтэй дотооддоо сөргөлдөх хүчин ч, улс төрч ч байхгүй болсон. Тиймээс тэмцлийн гол үзүүр нь гадагшаа чиглэсэн.  НАТО-гийн орнуудтай, АНУ-тай илэрхий төлхөлцөх байр суурь луу шилжлээ.  Мөн  Орос дахь цөөн тооны  хараат бус хэвлэл, бие даасан сэтгүүлчдийг хумих ажлаа тэр умартсангүй. Өнгөрсөн долоо хоногт Оросын  зургаан сэтгүүлчийг баривчлан хорьж,  чөлөөт, хараат бус хэвлэлийг боомилох ажиллагаагаа чангатгалаа.  
" ОХУ-д  ажиллаж байхдаа баривчлагдсан АНУ-ын иргэн, сэтгүүлч Эван Гэршковичийг  шоронд хорьсны  нэг жилийн ойг тохиолдуулан түүнийг суллахыг шаардсан  Оросын зургаан сэтгүүлчийг Екатеринбург хотод өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна.  ОХУ-ын сөрөг хүчний манлайлагч Навальныйн  тухай сурвалжлага бэлтгэсэн Антонина Фаровская тэдгээр баривчлагдсан сэтгүүлчдийн нэг юм гэж  " Хил хязгааргүй сэтгүүлчид"  байгууллага энэ тухай мэдээллээ.
- Навальный, түүний ажил үйлсийн тухай сурвалжилсны  төлөө түүнийг "  төрд тэрсэлсэн  үзэлтэн " гэх зүйлээр буруутган баривчиллаа гэж "Хэвлэлийн эрх чөлөө" байгууллагаас тодотголоо.
Орос улсад хоригдоод яг нэг жил болж буй Гэршковичийн араас Wall Street Journal  сэтгүүлийн сэтгүүлчийг " гаднын туршуул" гэж цоллон мөн баривчилж хорьсон байдаг.  Ямар ч нотолгоогүйгээр түүнийг хорьсон бөгөөд, АНУ,  болон түүний ажил эрхэлдэг сэтгүүлийн зүгээс гаргасан гомдлыг ч хэрэгсэж үзээгүй. Энэ бол "хүйтэн дайн"- ы цаг үеэс хойш дээрхи ялаар яллагдаж буй анхны сэтгүүлч боллоо.
  - Фаровская нь  Навальныйн сүүлчийн мөчийг видеогоор баримтжуулан буулгасан цорын ганц сэтгүүлч юм. Түүнийг " төрд тэрслэгч байгууллагын" үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гэсэн заалтаар  яллаж байгаа юм байна ИТАР ТАСС мэдээллээ гэж СNN иш татлаа.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?