ЯМАР Ч ХУУЛЬД СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗААЛТ БАЙХГҮЙ

2024-04-09  

Нийслэлийн прокурорын газраас “Зариг.мн” сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлчээр ажиллахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг шийдвэрийг шүүх хүлээн авч хэлэлцээд Н.Өнөрцэцэгт холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл сэтгүүлчийн ажлаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй. Шүүхээс гаргасан уг шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн гол хоёр заалтыг зөрчиж байгаа юм. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй” гэж заасан байдаг. Мөн шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэж заасан. Монголын төр хуулиа дагах ёстой. Монгол Улсын шүүх хуулиа дагаж мөрдөх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн хоёр гол заалтыг зөрчсөн ийм шийдвэрийг шүүхээс гаргасан нь сэтгүүлчдийг, Монголын сэтгүүл зүйг тохуурхсан явдал боллоо.

Шүүхийн энэхүү байж боломгүй, хууль бус шийдвэртэй холбогдуулж сэтгүүлчид, улстөрчид, хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Ц.Оюундарь “Монгол Улсын ямар ч хуульд ийм заалт байхгүй. Хуулийг орондоо засдаг хүмүүс сэмээрхэн шургуулчихсан байдаг биш юм бол Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид уг заалтыг яаралтай олж, ил гарган хуулийг хэрхэн яаж завхруулдгийг илчлэх хэрэгтэй. Өнөөдөр Н.Өнөрцэцэгт тохиолдож буй явдал маргааш танд тохиолдох магадлалтай учраас ажил үүргээ гүйцэтгэж байгаа бүх сэтгүүлчид нэгдэж, шаардлага тавих хэрэгтэй” гэсэн бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд тэргүүн Б.Ууганбаяр “Ардчиллын амин чухал хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хазаарлаж, хязгаарлаж одоо бүр сэтгүүлчийн ажлыг шүүхээр хориглодог боллоо. Бид асуудлаа шийдэхийн тулд нэг зүгт нэг зорилготой зүтгэх цаг ирсэн байна. Хэвлэлийн эрх чөлөө хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм” хэмээн эсэргүүцсэн.

Н.Өнөрцэцэгт тулгасан энэ шийдвэр нь Монголын сэтгүүл зүйг даажигнаад зогсохгүй Ерөнхий сайдаа хорлосон шийдвэр шиг харагдаад байгаа. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн үнэн мөнийг илчилнэ. Нийгэмд шударга ёсыг тогтооно. Авлигачидтай тэмцэнэ. Хүний өөрийн нам хамаагүй хууль бус үйлдэл гаргасан хэний ч өмнө хууль тэгш үйлчлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тэгвэл Монголын шүүх ямар ч хуульд байхгүй ийм заалтаар сэтгүүлчийг шүүсэн нь Ерөнхий сайдаа элэг барьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Хэвлэл мэдээллийн амыг барих гэж дайрсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх  үндсэн эрхээ эдэлснийхээ төлөө буруутан болж нийгмийн шаар шавхруу доог тохуурхал болдог явдал тухайн Засгийн газрыг өрөвдөлтэй харагдуулдаг.

Олны дунд нэг ийм үг байдаг даа. “Ц.Элбэгдорж сайн муугаар олон хэлэгдсэн. Зарим нэгний хэлдгээр муу хүн байж болно. Хичнээн гүтгэн доромжлуулж байсан ч тэр улс төрд явсан 30 шахам жилд нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй. Үүгээрээ том улстөрч гэдгээ харуулдаг” гэж яригддаг. Энэ утгаараа уг шийдвэр Засгийн газрыг үхээнц дорой өрөвдмөөр харагдуулж байна. Тухайн иргэнийг эзэмшсэн мэргэжлээр нь шүүхээс хорьж байгаа юм бол шат шатны шүүхээр шалгагдаж байгаа улстөрчид бүгд мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстойг хэлэх хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, Нийгмийн даатгалын сан, нүүрсний хэрэг, ногоон автобусны хэрэг, Зайсангийн ам, Туулын бургасыг хядсан гээд эдгээр асуудалтай холбоотой бүх хүмүүс мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстой, тэгж байж шударга шүүх тогтоно хэмээн эсэргүүцэж байна.

Нарийн мэргэшил шаардсан ажлыг онцгой тохиолдолд шүүхээр хориглож болох юм. Жишээ нь, анагаах ухааны анхан шатны мэдлэггүй хүн нарийн мэргэжлийн мэс заслын эмчээр ажиллана гэж үзвэл хүний амь настай холбоотой хэмээн үзэж тухайн иргэний мэс заслын эмчээр ажиллахыг нь хуулиар хориглож болох юм. Түүнээс хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь хуулиар хааж боож болохгүй ээ. Тухайн иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ямар ч цаг дор бүрэн дүүрэн эдлэх эрхтэй. Тэр ч бүү хэл шоронд хоригдож эрх чөлөөгөө хасуулсан ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй байдаг.

“Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо. Шүүхийн энэхүү шийдвэрт ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх хуулиар нээлттэй. Хүний амьдрах эрхэд халдана гэдэг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зарчим, тунхаглалаас ухарч буй үйлдэл юм” гэж хуульч Р.Булгамаа хэлж байна. Тэгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг Монгол Улсын Ерөнхий шүүгчид гомдол гаргаж ямар ч хуульд байхгүй ийм заалтаар ял тулгаж буйг эрс эсэргүүцэх хэрэгтэй байна. Мөн Хүний эрхий үндэсний комисс хүний үндсэн дархан эрх ноцтой зөрчигдсөн энэ асуудлыг ул суурьтайгаар авч үзэж, нийгэм олон нийтэд хуулийн дагуу шуурхай мэдэгдэх хэрэгтэй байна.

Яг үнэндээ бол ямар ч хуульд байхгүй шүүхийн шийдвэрт Монгол Улсын нэг иргэн хохирч байгаа гэдгийг өнөөдөр тоож байгаа эрх баригч, холбогдох байгууллагынхан алга. Нэр бүхий хэдэн сэтгүүлч, хуульчид л өөрсдийн байр сууриа илэрхийлснээс өөрөөр эсэргүүцэн тэмцэж байгаа хүн ч алга. Хэрвээ ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг гадны улс оронд яг ийм хууль бус шийдвэрээр хэн нэгэнд ял тулгасан бол нийгмээрээ босоод тэмцэж байгаа. Бид шүүхийн шийдвэр гарсан даруйд нийгмээрээ босч Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа эсэргүүцэл зарлан жагсах байлаа. Гэвч Монголын нийгэм тэр чигтээ нам гүм байгаа, дор бүрнээ амиа хичээн чимээгүй байгаа нь харамсалтай.

Жагсаж тэмцэх нь бүү хэл “Энэ муу сэтгүүлч ажлаа хийхгүй бол турж үхэх гээд байна уу” гэж доромжлон басамжилж байгааг юу гэж ойлгох вэ. Монголчууд аа, нэг иргэн маань Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхээ эдэлж чадахгүй, хаана ч байхгүй хуулийн заалтаар шүүхээс эрхээ хасуулчихлаа. Энэ бол ганцхан Н.Өнөрцэцэгт хүлээлгэж буй шүүхийн шийдвэр биш. Монгол хүний үндсэн эрх ямар ч дархлаагүй, Монголын хууль шүүх иргэндээ ямар ч үндэслэлгүй хэрэг тулган шаардах аюул нүүрлэснийг харуулж байна. Тиймээс энэ асуудал дээр хүн бүхэн сэрэмжтэй хандах ёстой. Ямар ч хуульд байхгүй заалтаар сэтгүүлчийг, хувь иргэнийг шүүж байгаагаа шүүхийнхэн тайлбарлах хэрэгтэй байна. Хуулийн яг ямар заалтаар ийм шийдвэр гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхээс нийгмээрээ асуух хэрэгтэй байна. Хүн бүхэн үндсэн эрхийнхээ төлөө тэмцэх цаг иржээ. Аль юм болгон хулчгар дорой, боол шиг амьдрах юм бэ?

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?