ДОНАЛД ТРАМПЫН "ЭНХЙИН ТӨЛӨВЛӨГӨӨ"

2024-04-10  

” The Washington Post” сонин Трампын төлөвлөгөөг мэдэх эх сурвалжаас эш татан “АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Украины эрх баригчдыг Орост газар нутгаа өгөхийг албадах замаар Украины дайныг зогсоож чадна гэж хамтрагчиддаа ярьсан байна” гэж мэдээлэв. Цагаан ордны тэргүүн асан “Крым, Донбассыг Орост нэгтгэхийн тулд Киевт шахалт үзүүлэх болно” гээд Орос, Украин хоёулаа өнөөгийн нөхцөл байдлаас “нүүр бүтэн гарах” гарцыг хайж байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Украины зарим хэсгийн оршин суугчид Оросын нэг хэсэг байхад дургүйцэхгүй байна” гэж хэлсэн аж. Энэ хандлага нь Украинд цэргийн дэмжлэг үзүүлж, Оросын түрэмгийллийг эсэргүүцэхийг онцолсон АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдены бодлоготой зөрчилдөж байна гэж тус сонин онцолжээ.

Украины зарим газар нутгийг Орост нэгтгэхийг хүлээн зөвшөөрөх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэглэмийн нөлөөллийн хүрээг өргөжүүлэх тул зарим дэмжигчид нь Трампыг энэ аргаас татгалзахыг ятгах гэж оролдсон гэж “The Washington Post” сонин мөн бичжээ. Тухайлбал, Бүгд найрамдах намын сенатор Линдси Грахамын хэлснээр тэрээр “Чөлөөт цагаа 100 хувь Трамптай Украины талаар ярихад зарцуулдаг” гэжээ. Грахам

“Путин төлбөрөө төлөх ёстой, тэр ялж чадахгүй” гэж үздэг байна. Түүний бодлоор Украин НАТО болон Европын холбоонд элссэнээр л дайныг зогсоож чадна, гэхдээ Трамп энэ талаар бага ярьдаг гэжээ.

Америкийн удирдагч агсны сонгуулийн штаб энэ нийтлэлийн талаарх сонины асуултад шууд хариулахаас татгалзсан байна. Харин Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч Каролин Левитт “Энэ бол ерөнхийлөгчийн төлөвлөгөөний талаар ямар ч ойлголтгүй, нэрээ нууцалсан эх сурвалжаас гаралтай мэдээлэл байна. Ерөнхийлөгч Трамп бол аллагыг зогсоох тухай ярьж байгаа ганц хүн” гэж хэлжээ.

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал “Орос, Украины дайныг 24 цагийн дотор зогсоож, талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгана” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан ч тэрээр үүнийг хэрхэн хийхээр төлөвлөж байгаагаа олон нийтэд хэлэхээс татгалзсаар ирсэн юм. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орост газар нутаг өгөх Трампын санааг болиулахын тулд Цагаан ордны тэргүүн асанд тус улсад айлчлан фронтын шугам руу явахыг санал болгон “24 цагийн дотор асуудлыг шийдэх боломжгүй гэж Трампыг итгүүлэхэд 24 минут хангалттай” гэж мэдэгдсэн Америкийн ерөнхийлөгч асанд “эхэлж бодоод дараа нь ярь” гэж зөвлөж байсан билээ.

Трампын гадаад бодлогын зөвлөхүүд болон стратегичид НАТО-г цаашид өргөжүүлэхийг эсэргүүцэн, үнэндээ Украиныг тус байгууллагад элсүүлэхийн эсрэг байгаа бөгөөд Вашингтон АНУ-ын ашиг сонирхолд Хятадаас ирж буй заналхийллийг саармагжуулж, ОХУ-ын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үздэг гэдгийг “The Washing­ton Post” сонин мэдээлжээ.

Олон улсын нэртэй улс төр судлаачид бараг бүгдээрээ түрэмгийлэгчдэд буулт хийвэл юунд хүргэдгийг А.Гитлерийн туршлага бидэнд бэлхэн харуулж байгаа учир В.Путинд ямар нэгэн буулт хийж болохгүй гэж байгаа юм. “Сонгуулиас өмнө Трампын Кремлээс мөнгө авсан хэргүүд нь нийтэд ил болно”, “Трамп Бүгд найрамдах намыг мафийн аргаар удирдаж байна”, “Трамп бол Путины тавиул мөн”, “Трамп ерөнхийлөгч болохгүй гэдгээ мэдэж байгаа учир нэр дэвшигчийн боломжоо ашиглан Путинд тус болж байна”, “Трамп дарангуйлал тогтоохыг хүсэж байна”, “Шүүхийн шийдвэрүүд Трампын хувь заяаг шийднэ” гэх мэтээр янз бүрийн мэдэгдэл хийж байгаа ч Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол ардчилалд аюул учирна гэдэгт харин бүгд санал нэг байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?