БРАЗИЛЫН ЭДИЙН ЗАСАГ ӨӨРЧЛӨГДӨХ БОЛСОН ГУРВАН ШАЛТГААН

2024-04-11  

НҮБ-аас тогтвортой хөгжлийг ахиулахад нийгмийн эдийн засгийн чухал үүргийг хүлээн зөвшөөрсөн анхны тогтоолыг баталсан. Тус тогтоол нь “Эмзэг нөхцөлд байгаа хүмүүсийн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх, тэдэнд хүртээмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх” замаар ядуурлыг бууруулах, нийгмийн өөрчлөлтийг бий болгоход нийгмийн энтерпренёршипийн үүргийг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Бразилын нийгмийн инновацын шагнал гардуулах ёслол энэ жил гурван шилдэг инновацын санааг нийгэм, эдийн засагт нөлөөлж чадсан гэж үзжээ.

Тэд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг шийдэж буй нийгмийн инновацын шилдэг санааг тодруулдаг. Тэгвэл энэ удаа шалгарсан гурван ялагч нь Бразилын эдийн засаг, нийгмийн амьдралд өөрчлөлт оруулж чадахуйц шийдлүүдийг санаачилсан байна. Эдгээр санаачлагчид нь эмэгтэйчүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн унших, бичих сонирхлыг нэмэгдүүлэх, хар арьст эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих зэрэг арга замыг боловсруулснаараа онцлог болжээ.

“Entrepreneur Women Network” үүсгэн байгуулагч Ана Фонтес: 11 САЯ БРАЗИЛ ЭМЭГТЭЙГ БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖООР ХАНГАСАН

“Rede Mulher Empreendedora” (Реде Мулхер Эмпрендедора) гэсэн цахим платформоор дамжуулан 2017 оноос хойш 26 муж улсын 11 сая бразил эмэгтэй бизнесийн боловсролд суралцаж, санхүүгийн дэмжлэг авсан байна. Энэ платформын зургаан үндсэн хөтөлбөрт энтрепренёршипийн хурдасгуур, зөвлөх боломж, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлээр ур чадварт суурилсан сургалт багтдаг. Одоогийн байдлаар тус сүлжээний хүрээлэнд 800 мянган эмэгтэй сургалтад хамрагдаж, нийгмийн эмзэг бүлгийн 381 мянган эмэгтэй эдийн засгийн хүртээмжтэй хөтөлбөрт хамрагджээ.

Дээрх платформ нь засгийн газар, хувийн хэвшил, 280 гаруй ТББ-тай хамтран эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн хувь хүний болон эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Зургаан сар тутамд тус улсын эмэгтэйчүүдтэй ажилладаг байгууллагуудыг жагсааж, хамтын ажиллагааг дэмжих, төрийн бодлогыг дэмжих хэрэгсэл болох Mapa do Ecosistema (Экосистемийн газрын зураг)-ыг гаргадаг. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон нийгмийн байгууллагуудад бичил хандиваар 40 сая евро ( найман сая доллар) шилжүүлжээ.

“Estante Magica”  (Ид шидийн номын тавиур)-ыг үүсгэн байгуулагч Робсон Мело: БРАЗИЛЫН СУРАГЧДАД НОМ БИЧИХЭД ТУСАЛСАН

"2009 онд үүсгэн байгуулсан миний ажил 13 жилийн хугацаанд 2.5 сая Бразилын сурагчдад ном бичихэд тусалсан бөгөөд номоо хэвлүүлж, сургуулиудын олон нийтийн арга хэмжээн дээр танилцуулдаг" гэлээ.

Бразил, Колумби, Мексикт үйл ажиллагаа явуулдаг Estate Magica (Ид шидийн номын тавиур) нь уугуул иргэд, ядуусын хороолол зэрэг нийгмийн бүх давхаргад ажилладаг ажээ. Одоогийн байдлаар тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд 2.5 сая цахим ном, хоёр сая хувь хүний биет ном бүтээсэн бол 170 мянган багш бүтээлч, зохиогчийн чиглэлээр суралцсан. Энэ хөтөлбөрийг бизнесийн загвараар санхүүжүүлж, 2022 онд 40 сая ам.долларын орлого олжээ. Оролцогчдын хэвлэсэн номыг хувийн болон төрийн боловсролын байгууллага, компаниуд, гэр бүлүүдэд худалдах замаар санхүүжүүлдэг юм байна.

Ид шидийн номын тавиур нь зөвхөн бичих, унших хүслийг төрүүлээд зогсохгүй, сургуулийн нийт хамт олныг хамарсан төслүүдээр дамжуулан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байна.

Fundo Agbara (Агбара сан)-гийн үүсгэн байгуулагч Алин Одара: 11 САЯ БРАЗИЛ ЭМЭГТЭЙГ  БИЗНЕСИЙН 197 САНААЧИЛГЫГ ДЭМЖСЭН

“Агбара" сан цар тахлын үед албан бус бизнес эрхэлдэг хар арьст эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор 2020 онд үүсгэн байгуулагдсан.

Бразилд хар арьст эмэгтэйчүүдийн тал хувь нь албан бус ажил эрхэлдэг. Ингэхдээ цагаан арьст эрчүүдээс 44 хувиар бага цалин авдаг.

Тэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэж, тэднийг амьдралын болон бизнесийн ур чадвартай болгох замаар эдгээр эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг хангахаар ажиллаж байна. 2020 оны есдүгээр сараас хойш 197 бизнесийн санаачилгыг дэмжсэн. Ингэхдээ амжилттай хэрэгжиж байгаа бизнесийн төслүүдээс “Агбара" санд 10 мянган ам.долларын татварыг төвлөрүүлсэн байна. Харин тус сан хоёр сая броны хандив, тусламж цуглуулжээ. Хандивын дийлэнх нь буюу 90.9 хувь нь компани болон сангаас бүрдсэн байна. Fundo Agbara одоогоор 14 мужид үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 300 байнгын хандивлагч, 64 техникийн боловсролын хөтөлбөрийн багцтай. Үүнээс ашиг хүртэгчдийн ихэнх нь буюу 41 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Түүнчлэн Бразилын хамгийн ядуу бүс нутгийн иргэдэд хүрч үйлчилдэг. Энэхүү сангийн гол зорилго “бүрэн иргэншил, эдийн засгийн шударга ёсны төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийн сүлжээг бий болгох”-д чиглэдэг.

Тэгэхээр эдгээр гурван зам нийгмийн болон эдийн засгийн эмзэг бүлгийн хүмүүс, олон нийтийн амьжиргааг нь сайжруулах үр дүнтэй арга болж чадна гэдгийг харуулж байна. Энэ нь нийгэм, эдийн засаг ялангуяа төрийн дэмжлэг, хувийн хэвшлийн түншлэлийн бүх боломжийг нээж өгнө гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: https://www.weforum.org/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?