САУДЫН АРАБ 2012 ОНООС ХОЙШ АНХ УДАА СИРИД СУУХ ЭЛЧИН САЙДАА ТОМИЛЖЭЭ

2024-05-27  

Саудын Араб улс Сиритэй харилцаагаа тасалснаасаа хойш 12 жилийн дараа Дамаскт суух Элчин сайдаа томилсноо ням гарагт зарлав. Энэ нь дайны хөлд нэрвэгдсэн Сири улс Арабын улсуудын холбоонд дахин элссэнээс хойш хоёр талын харилцаа сайжирч буйг харуулсан үйл явдал боллоо.

Фейсал аль-Мужфелийг Саудын Арабаас Сирид суух Элчин сайдаар томилсон тухай Саудын Арабын төрийн мэдлийн агентлаг мэдээлсэн байна. Энэ нь Сирийг Арабын 22 гишүүнтэй холбоонд дахин элсүүлснээс хойш жил гаруйн дараа болж байна. Ерөнхийлөгч Башар Асад 2011 онд засгийн газрын эсрэг жагсаалыг хүч хэрэглэн дарсны дараачаас тус холбоо 10 гаруй жилийн турш Сиритэй харилцаагүй байсан юм. Харин Эр-Рияд 2012 онд Дамасктай тогтоосон харилцаагаа тасалжээ.

Сирийн төрийн мэдлийн хэвлэл болон эрх баригчид дээрх үйл явдлын талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Сирид 14 дэх жилдээ үргэлжилж буй бослого иргэний дайн болон хувирсны улмаас хагас сая орчим хүн амиа алдаж, дайны өмнө 23 сая байсан хүн амын тал хувь нь орон гэрээ орхин дүрвэжээ. Удаан хугацаанд үргэлжилж буй энэ нөхцөл байдлыг зогсоох улс төрийн оновчтой шийдлийг олох оролдлого хийсээр ирсэн байна.

2023 оны хоёрдугаар сард Турк болон Сирийн хойд нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Арабын ихэнх орнуудыг Ерөнхийлөгч Б.Ассадтай харилцаагаа сэргээхэд хүргэжээ. 2023 оны гуравдугаар сард Саудын Араб, Ираны талууд Бээжин хотноо хийсэн хэлэлцээний дараа дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон нь томоохон ахиц болсон юм.

Иран нь Б.Ассадын Засгийн газар болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн улс төр, цэргийн гол холбоотон байсаар иржээ. Йеменд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг сэргээн байгуулахын тулд Саудын Араб 2015 оноос хойш Иранаас дэмжлэг авдаг хути босогчдын эсрэг эвслийг удирдаж байгаа юм. Энэ зөрчил нь Саудын Араб, Ираны хооронд "шууд бус цэргийн мөргөлдөөн" болон хувирчээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?