ХЯТАД УЛС ЧИПНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД 47.5 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

2024-05-28  

Ирээдүйн дэвшилтэт технологийн салбарт давамгайлахын тулд Хятад улсад хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зориулсан хамгийн том хөрөнгө оруулалтын санг байгуулсан тухай тус улсын засгийн газрын харьяа агентлаг мэдээллээ.

АНУ-ын зүгээс чип ба чипний технологийн экспортоо асар ихээр хязгаарлаж байгаа тул нийт 47.5 тэрбум долларын хөрөнгөтэй тус санг байгуулж байгаа ажээ.

Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банк, Бүтээн байгуулалтын банк зэрэг хамгийн том төрийн өмчит зургаан банкны хөрөнгө оруулалттай тус сан нь Хятад улсын дарга Ши Жиньпин улс орноо технологийн супер гүрэн болгоход маш ихээр анхаарч байгааг илтгэж байна. 

“Хятадад үйлдвэрлэв-2025” гэсэн төлөвлөгөөг боловсруулснаар улс орноо хиймэл оюун ухаан, 5G утасгүй сүлжээ, квант тооцоолол зэрэг салбарт дэлхийд тэргүүлэгч болгох зорилтыг Хятадын удирдлага тавьжээ.

Үндэсний аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлснээр, “Том сан” гэгдэх уг санг баасан гарагт Бээжинд албан ёсоор байгуулсан байна.

Тус санг анх 2014 онд 138.7 тэрбум юань буюу 19.2 тэрбум ам.доллароор байгуулжээ. Таван жилийн дараа хоёрдахь үе шатанд хөрөнгийн хэмжээг 204.1 тэрбум юань буюу 28.2 тэрбум доллар болгон нэмэгдүүлсэн байна.

Эдгээр хөрөнгө оруулалт нь 2030 он гэхэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилготой бөгөөд чипний үйлдвэрлэл, загвар, тоног төхөөрөмж, материалд хөрөнгө оруулалт хийнэ гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 10 жилийн өмнө төслийн эхний үе шатыг эхлүүлэхдээ мэдэгдэж байв.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?