Дональд Трамп 136 жил шоронд хоригдоно

2024-06-03  

АНУ-ын ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн өмнө порно жүжигчин Сторми Даниэлст өгсөн мөнгөө сонгогчдоос нуун дарагдуулахын тулд санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй ерөнхийлөгч асан Дональд Трампыг шүүх хурал бараг сар хагас үргэлжилж Нью-Йорк хотноо өндөрлөв.

Уг хэргийн бүх нарийн ширийнийг тодруулахын тулд Дэниэлсийг өөрийг нь оролцуулан гол гэрчүүдийг шүүхэд дуудсан бөгөөд тэднийг прокурор болон экс ерөнхийлөгчийн өмгөөлөгч нар ээлжлэн байцаасан.Трамп энэ бүх хугацаанд танхимд байсан юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт шүүх талуудын хаалтын үгийг сонсов. Шүүх хурал ихэвчлэн 16:30 цагт дуусдаг байсан ч харин сүүлийн өдөр 20:00 цаг хүртэл үргэлжилсэн юм.Трампын өмгөөлөгч Тодд Бланш нийтдээ гурван цаг орчим, Манхэттэн дүүргийн прокурорын газрын төлөөлөгч Жошуа Стейнгласс таван цаг гаруй үг хэлсэн байна.

Шүүгч Хуан Мерчан тангарагтны шүүгчдэд орой болтол хуралд оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд “Та бүхэн энэ орой шийдвэр гаргахад тань шаардлагатай эцсийн мэдээллээ авна” гэж мэдэгдэв.

Доналд Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Сторми Даниэлст 130.000 ам.доллар төлөхөд ашигласан бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа тул тангарагтны бүх гишүүдийн санал нэгтэй шийдвэр гаргах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, нэг нь л татгалзвал хэрэг Трампын талд гарах болно. Трамп 34 зүйлийн алинд нь ч би буруугүй гээд Даниэлстэй бэлгийн харьцаанд орсноо ч үгүйсгэсэн. Үндсэндээ сүүлийн өдөр яллагч болон өмгөөлөгч тал эцсийн үгээ хэлж, тангарагтны шүүгчдийг экс ерөнхийлөгчийн гэм буруутай, эсвэл гэм буруугүйд итгүүлэхийг оролдсон билээ.Трампын хуулийн багийн ахлагч Тодд Бланш “Миний үйлчлүүлэгч Трамп нь өөрийн зохиосон түүхийг олон нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлж, түүнээс мөнгө авсан порно жүжигчин бүсгүйн шантаажийн золиос болсон” гэсэн юм.Бланш тангарагтны шүүгчдэд хандан “Бүх цаг үеийн хамгийн агуу худалч” гэж нэрлэсэн Майкл Коэн гэх гэрчийн мэдүүлэгт та бүхэн эргэлзэх ёстой. Ноён Коэний гэрчийн индэр дээрээс та бүхэнд хэлсэн түүх үнэнтэй зөрчилдөж байна. Трамп гэм буруугүй. Яагаад гэвэл прокурорууд юу ч нотолж чадахгүй байна.Энэ бол зүгээр л бичиг цаасны хэрэг. Бизнесийн бүртгэл үнэн зөв байсан, хэнийг ч залилан мэхлэх зорилго байгаагүй, 2016 оны сонгуульд нөлөөлөх ямар ч хуйвалдаан болоогүй.Тийм зүйл огт болоогүй. Хэдийгээр тийм байсан ч энэ нь хууль бус зүйл биш” гэж хэлсэн. Харин прокурор Жошуа Стингласс “Порно жүжигчинд өөрийн биеэр мөнгө шилжүүлсэн экс ерөнхийлөгчийн туслах асан Майкл Коэний мэдүүлгээс гадна Трампын гэм буруутайг нотлох олон тооны нотлох баримт байна. Шүүгдэгч Майкл Коэныг өөрийн туслахаар сонгож ажиллуулж байсан.Тэр Трампын өмнөөс худал хэлж, хуурч мэхлэх гэмт хэрэг үйлдсэн” гээд“Трампын өмгөөлөгч Сторми Даниэлз худал хэлсэн гэж байна. Ерөнхийлөгч асан хүний өмгөөлөгчид порно жүжигчин бүсгүйг “чөтгөр болгох” гэж оролдож байна.Мэдээж түүний мэдүүлгийн зарим хэсэгт шүүмжлэх зүйл байсан.Бид секс үнэхээр болсон гэдгийг батлах шаардлагагүй нь бас үнэн.Гэхдээ Трамп гольфын талбай дээр хэн нэгэнтэй зургаа авахуулсны төлөөсөнд 130.000 ам.доллар төлөх хүн биш. Та бүхэн 2016 оны сонгуулийн өмнө Даниэлсийн түүхэнд санаа нь ихээхэн зовж байсны улмаас энэхүү төлбөрийг хийсэн гэдгийг баталж байгаа олон нотлох баримтыг харсан” гэж хэлэв.Ийнхүү шүүх хурал өндөрлөж тангарагтны шүүгчид саналаа нэгтгэх ажил үлдсэн. Тэд өнгөрсөн баасан гаригт дүгнэлтээ сонсгож 12 тангарагтны шүүгч 100 хувийн саналаар “Нью-Йоркийн тангарагтны шүүгчид АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2016 оны сонгуулийн өмнө порно жүжигчин асан Сторми Даниэлсийн төлбөрийг нуун дарагдуулахын тулд бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутай гэж үзэж байна” гэж мэдэгдэв. Ийнхүү Манхэттэний шүүх хурал түүх болон үлдэж Трамп гэмт хэрэгт буруутгагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болов.Нийтдээ түүнийг прокурор 34 зүйл ангиар буруутгасан бөгөөд тангарагтны шүүгчид түүнийг энэ бүх зүйл ангиар буруутай гэж үзсэн байна. Ингэснээр уг шүүх хурлыг даргалж буй шүүгч Хуан Мерчани ирэх долдугаар сарын 11-нд экс ерөнхийлөгчид ял оноохоор болов. Шүүхийн танхимаас гарахын өмнө Мерчан шүүх бүрэлдэхүүнд хэрэгт зохих ёсоор анхаарал хандуулж ажилласанд талархал илэрхийлж, бараг сар хагас үргэлжилсэн шүүх хурал дуусч байгааг зарласан.Гэм буруутай, гэм буруугүй гэсэн шийдвэрийг гаргахын тулд тангарагтны бүх гишүүдийн санал нэгтэй шийдвэр гаргах шаардлагатай байсан бөгөөд Дональд Трамп шүүхийн танхимаас гарсны дараа сэтгүүлчдэд “Бид тэмцсээр байх болно, бид эцсээ хүртэл тэмцэж, ялах болно, учир нь манай улс там болсон. Бид нэг улс байхаа больсон, бид хоёр хуваагдсан эмх замбараагүй байдалд байна. Үүнийг Байдены засаг захиргаа улс төрийн өрсөлдөгчөө гомдоох, хорлох зорилгоор хийсэн. Эцсийн шийдвэрийг АНУ-ын иргэд 11 сарын 5-нд гаргана” гэж хэлсэн. Харин Трамп “Бид гэмт хэрэгтэнг дэмжиж санал өгөх ёстой юу?” гэсэн асуултад хариулаагүй юм.

CNN-ийн хуулийн сурвалжлагч Паула Рид тангарагтны шүүгчийн сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө экс ерөнхийлөгчийн өмгөөлөгчид давж заалдах стратеги бэлтгэж байсан гээд шүүхийн явцыг “Энэ урт зам байх болно” гэж бичжээ. Үнэхээр ч Трамп давж заалдсаар ерөнхийлөгчийн сонгуультай золгох тактик барих нь ойлгомжтой. Гэхдээ хэргийн гол учир нь өөр зүйлд байна.

Дональд Трампыг буруутгаж буй 34 зүйл нь бүгд хүнд гэмт хэргийн хөнгөн гэсэн ангилалд хамаарч байгаа бөгөөд бүгд дөрөв хүртэлх жилийн ялтай. Иймээс тэр нийт 136 жилийн ял авч магадгүй болсон. Гэхдээ түүний шоронд орох эсэх нь бус ял авах нь л чухал зүйл. Тэгээд ч түүнд ял оноох шүүгч Хуан Мерчани хууль зөрчсөн цагаан захтнуудад хатуу ханддагаараа алдартай нэгэн. Хуан Мерчани ирэх долдугаар сарын 11-нд Дональд Трампад ял онооно. Үүнээс хэдхэн хоногийн дараа Бүгд Найрамдах намын их хурал хуралдаж ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойж буйгаа албан ёсоор зарлана. Гэтэл тангарагтны шүүгчид “Дональд Трампыг сонгогчдыг хуурахын тулд үйлдсэн гэмт хэргээ хаацайлах гэж давхар гэмт хэргүүд үйлдэж ерөнхийлөгч болсон” гэж дэлхий нийтэд зарлаж орхив. Ийм хүнийг нам нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх үү?!

АНУ-ын Конгрессын танхимд “МАGA”буюу “Америкийг дахин хүчирхэг болгоно” гэдэг популистууд Украины 61 тэрбумын тусламжийг хагас жил саатуулж чадсан.Гэтэл “Эд нар чинь Кремлийн гар, хөл юм биш үү?!” гэсэн яриа гарч “МАGA”-ийн 10 хүрэхгүй төлөөлөгчөөс Бүгд Найрамдах намын бусад төлөөлөгчид шууд зайгаа барьсан.Гэтэл “МАGA”-ийн удирдагч нь сонгогчдыг хуурч ерөнхийлөгч болоод амжсан, гэмт хэрэгтэн Дональд Трамп. АНУ-ын Бүгд Найрамдах намын ирэх их хурал Кремлийн гар, хөлийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрөх үү?! Ёстой горьдох ч хэрэггүй. Хэргийн гол учир үүнд л байгаа юм. Тухайлбал, ерөнхийлөгч асан 34 зүйл ангиар ял сонссоны маргааш сонгуулийн санд нь 35 сая орчим ам.долларын хандив орж иржээ. Ийм хий сүржигнэлийг Оросууд л хийдэг.Гэхдээ энэ нь Кремлийн мөнгө байсан ч хэвлэлээр шуугихгүй, эхний ээлжинд Бүгд Найрамдах намын их хурал дээр ний нуугүй ярилцах болно. Дараа нь Трампын Кремлийн мөнгөний асуудал хуулийн өмнө очно. Ерөөс Дональд Трампын хамгийн сул тал бол Кремлийн мөнгөтэй ямар нэг байдлаар холбогдчих гээд байдаг явдал билээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?