УИХ–ын хаврын чуулган удахгүй хаалтаа хийснээр 2020–2024 оны парламентын өдөр тутмын хууль тогтоох чиг үүрэг үндсэндээ дуусгавар болно. Энэхүү парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн хүрээнд эхлүүлсэн. Гэвч бүрэн эрхийнхээ төгсгөлд 72 гишүүнтэй болж, хамгийн олон гишүүд нь тодорхой хэргүүдэд нэр холбогдсон парламент болов. Мөн авлига, албан тушаал, хулгай луйвартай тэмцэх зорилгоор хамгийн олон удаа УИХ–ын Хянан шалгах хороо байгуулагдаж, чиглэл бүрийн сонсгол зохион байгууллаа. Тиймээс “сүүлийн 76” гэх тодотголтой энэхүү парламентад гишүүд нь ямар байр суурьтай байгааг энэ удаагийн “Спик аут” булангаараа хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Энэ удаагийн парламент олон арван жил дуншсан олон суурь шинэчлэлийн багц хуулиудыг баталж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хийж чадсан. Тухайлбал, Боловсрол, Нийгмийн даатгалын багц, Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн тогтолцоо, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, баялгийн сан, шүүхийн багц хууль гээд олон том эрх зүйн өөрчлөлтийг хийлээ гэж хэлмээр байна. Эдгээр томоохон өөрчлөлтүүд өнөө маргаашдаа гэхээс илүү үр дүн нь урт хугацаандаа гарах суурь шинэчлэлүүд гэж ойлгох хэрэгтэй. Томоохон эрх зүйн шинэчлэл хийгдсэн нь энэ парламентад үнэмлэхүй олонх болсны давуу тал. Дахиад ч хууль, эрх зүйн томоохон өөрчлөлтүүд биднийг хүлээж байгаа. Тухайлбал, газар, төрийн өмч, төрийн өмчийн компанийн засаглал, арилжаа худалдаа гээд хувийн эрх зүйн салбарын, бизнесийн эрх чөлөөг дэмжсэн суурь шинэтгэлүүд шинэ парламентын өмнө үлдэж байна даа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-2020-2024 оны парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллалаа. Энэ парламентын хувьд хамгийн олон эмэгтэй гишүүд орж ирж ард түмнийхээ төлөөлөл, дуу хоолой болж ажилласан. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээн дэх хулгай, луйвартай хүчтэй тэмцсэн парламент гэж хэлнэ. Хамгийн чухал нь ард иргэд маань байгалийн баялгийн үр шимийг бодитоор хүртэх эхлэл тавигдсан он жилүүд байлаа гэж хэлмээр байна. Цаашид эерэг үйл ажиллагаануудаа эрчимжүүлж, сөрөг үзэгдлүүдэд цэг тавьж чадвал бидний хүсэн хүлээж буй хөгжил аяндаа ирнэ. Энэ бол ердөө цаг хугацааны асуудал гэж бодож байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Энэ парламент Засгийн газраа маш сайн дэмжиж, мөн маш сайн хяналт тавьж, ташуур өгч ажилласан. Цаашид тогтолцооны олон өөрчлөлтүүдийг бий болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадлаа. Хүн төрөлхтний хувьд нүүр тулсан томоохон сорилт болох цар тахлын үед Засгийн газрын хурдтай, моневртай ажиллах эрх зүйн боломжийг бүрдүүлж өгсөн парламент байлаа. Мөн УИХ Засгийн газартаа хяналт тавих үндсэн чиг үүргээ сайн гүйцэтгэснээрээ түүхэн үүргээ биелүүлсэн гэж бодож байна.
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-“Сүүлийн 76” гэх тодотголтой парламентын түүх “архивт” орлоо. Удахгүй 126 гишүүнтэй шинэ үе эхлэх гэж байна. Харамсалтай нь энэхүү парламентын төгсгөлийн дөрвөн жилд нэг нам хэт олонх болсноороо сөрөг хүчний хяналтгүй дур зоргоороо авирлаж, олонх гэдгээрээ түрий барьж асуудалд хандлаа. Ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд олон хууль яаралтай гэх горимоор орж ирэн батлагдаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчин олон хууль мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэгдэхгүйгээр УИХ-д орж ирлээ. Түүнийг нь олонхын бүлэг яаран сандран батлан гаргасаар байна. Энэ нь ардчиллын үнэт зүйлээс ухрах, хувь хүний болон эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, төрийн өмчит компаниудын эрх мэдэл нэмэгдэх, төр хувийн хэвшлийн хийж ирсэн бизнесийг булаах, гадны хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо нэмэгдүүлсээр байна. Ингэснээрээ энэ парламент иргэдийн урам, хүсэл эрмэлзлийг хугаллаа гэж бодож байна. УИХ-аас Засгийн газрын үйл ажиллагаануудад өгсөн үнэлгээ тайлан хамгийн өндөр, сайн сайхан байгаа ч энэ их өсөлт өрхийн хаалгаар орсонгүй нь харамсалтай. Тиймээс 126 гишүүнтэй парламент бүрдээд дээрх зөрчлүүдийг арилгахын тулд олон хуульд өөрчлөлт оруулах байх гэж бодож байна.
Эх сурвалж: Өдрийн сонин