Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа

2024-06-03  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад энэ сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилсэн юм.

 

Мөн үеэр хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Улмаар Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

 

Товч намтар

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн. Тэрбээр 1954 оны наймдугаар сарын 30-нд Витебск мужийн Копысь хотод төрсөн. А.А.Кулешовын нэрэмжит Могилёв хотын Улсын Багшийн их сургуулийг 1975 онд түүхч мэргэжлээр, 1985 онд Беларусийн Хөдөө аж ахуйн академийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

-1975-1977 онд Баруун хилийн тойргийн Улс төрийн хэлтсийн зааварлагч,

-1977-1990 онд Могилёв хотын хүнсний худалдааны хэлтсийн комсомолын хорооны нарийн бичгийн дарга, Октябрь дүүргийн гүйцэтгэх хорооны зааварлагч,

-Шклов хотын “Мэдлэг” нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, цэргийн ангийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч дарга, Шклов дүүргийн “Ударник” хамтралын орлогч дарга, Шклов хотын барилгын материалын комбинатын орлогч дарга, В.И.Лениний нэрэмжит хамтралын намын хорооны нарийн бичгийн дарга, 

-1987-1994 онд Шклов дүүргийн “Городец” нэгдлийн дарга, 

-1990 онд БНБУ-ын Ардын депутат, Засгийн газрын дэргэдэх Худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг судлах чиг үүрэгтэй Бүгд Найрамдах Беларусь Улсын Дээд зөвлөлийн хорооны дарга, 

-1993 онд Авлигатай тэмцэх парламентын комиссын дарга,

-1994-2020 онд БНБУ-ын Ерөнхийлөгчөөр 6 удаа тус тус сонгогдсон.

 

Хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоож байв. Беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?