ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ ТАВ ХҮРТЭЛХИ НАСНЫХАНД ӨНДӨР БАЙНА

2024-06-05  

Монгол Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт их байна. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд ачаалал ихтэй байгаа бөгөөд өвчлөлийн багагүй хэсгийг бага насны хүүхдээс гадна насанд хүрэгчид тэр дундаа ахмадууд эзэлж байна. Томуу томуу төст өвчний дэгдэлт ямар байгааг хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэе.

Өвчлөлийн 80 хүртэлх хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг ажээ. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн хувьд томуугийн дэгдэлт их байгаа бөгөөд ихэнх тохиолдолд хоолой нь улайж, халуурах шинж тэмдэг илэрч байна гэж СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Б.Сайнжаргал анхааруулж байсан юм. Ялангуяа халууны улиралд хэт хүйтэн зүйл ууж, идсэнээс болж халуун хүйтэн хавсарч ханиад нь хүндрэх эрсдэл их байгааг тэрээр онцолж байсан юм. Тиймээс халуунд хүүхдэдээ хэт хүйтэн ундаа, зайрмаг идүүлэхгүй байхыг анхаарууллаа.Тэгвэл нийтээрээ буюу Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин ямар түвшинд байгаа талаар ХӨСҮТ-өөс тодруулахад Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшинг улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээний аргачлалаар үнэлдэг тухай хэлж байсан юм. Манай улсын хувьд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг ажээ. Улаанбаатар хот одоогийн байдлаар хоёрдугаар түвшинд байгаа юм. Харин орон нутгуудын хувьд улирал хоорондын түвшин буюу ногоон түвшинд гурван аймаг, идэвхжлийн түвшинд 15 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд нэг аймаг байна гэсэн мэдээллийг өглөө. Харин насны бүлгээр нь авч үзэхэд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.1 хувийг 15 хүртэлх насныхан, үүнээс 53 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл дөрвөөс доош насанд 2.9 хувь, 5-9 хүртэлх насанд 0.6 хувиар тус тус нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.5-1.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн арга нь биеийн эсэргүүцэл сайн байх буюу дархлаагаа дэмжих явдал тул хэрэв ханиадны шинж тэмдэг илэрвэл, ойр хавьд чинь томуу туссан хүн байгаа бол витаминлаг чанартай хоол идэж, дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулах шаардлагатайг эмч нар хэлж байна.

Өмнөх долоо хоногоос өвчлөл нэг насанд 1.5 хувиар нэмэгджээ

ХӨСҮТ-ийн халдвар судлагч их эмч, НЭМУ-ын магистр Ч.Уртнасангаас эмнэлгийн нөхцөл байдлын талаар тодруулахад  “Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчнөөс шалтгаалан эмнэлгийн ачаалал нэмэгдээгүй. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэгсдийн 82.9 хувь нь 15 хүртлэх насны хүүхэд, үүнээс 60 хувь нь тав хүртлэх насныхан байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл нэг насанд 1.5 хувь, 10-29 насанд 2.8 хувиар тус тус нэмэгдсэн гэсэн үг. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд өндөр үзүүлэлт” гэжээ. Харин иргэдийн дунд тархаад буй томуу ямар вирусээр үүсэж байгаа тухай тодруулахад томуугийн В вирус 15.2 хувь, томуугийн A(H1N1) вирус идэвхжилт хамгийн өндөр буюу 34.8 хувь байна. Хэдийгээр дулааны улиралд ханиад, томуу буурдаг ч  вирусын идэвхжилт өндөр хэвээр байгаа нь өвчлөл үүсэх гол шалтгаан болж байгаа аж. Үүнээс гадна ХӨСҮТ-ийн эмч нар  “Covid-19” вирусын идэвхжилтийн түвшин өндөр биш боловч бүртгэгдэж байгааг анхааруулж байсан юм. Өдөрт 2-3 сорьц эерэг гарч байгааг насны бүлгээр авч үзвэл идэр насныхан буюу насанд хүрэгчдийн дунд тохиолдож байгаа гэнэ. Эдгээр эерэг тохиолдол нь ихэвчлэн гадагшаа явах гэж байгаа иргэд болон сайн дураараа сорьц өгч байгаа иргэдээс илэрч байгаа аж. Тиймээс гэртээ болон албан тасалгаандаа халдваргүйжүүлэлт болоод ариун цэврийн дэглэмийг сайтар сахих ёстойг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байж, витамин С-ээр элбэг жимс болон шүүс хэрэглэж, томуу томуу төст өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик хэрэглэхгүй байх, гэрээр дур мэдэн эм тариа хэрэглэх, ялангуяа антибиотик хэрэглэхээс зайлсхийх, антибиотикийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Халдвар судлагч их эмч Ч.Уртнасан зөвлөж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?