МОНГОЛ, КУБА УЛС БИОТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

2024-06-05  

Монгол-Куба улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уулзалт өнөөдөр боллоо.

Бүгд Найрамдах Куба Улсын ЭСЯ-наас зохион байгуулсан уулзалтад Элчин сайд Хорхе Феррер Родригес Куба улсын нийгэм-эдийн засгийн талаар танилцуулж, хоёр орны хамтын ажиллагааны боломжуудын талаар ярьсан юм. Тэрбээр, хоёр улс анагаах ухаан, биотехнологи, худалдаа, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалангийн бордоо, эм бэлдмэл нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолсон юм.

Куба улс байгаль орчинд сөрөг нөлөөгүй био бордоо, био тэжээл үйлдвэрлэн ХАА, газар тариаланд хэрэглэж байна. Эдгээрийг Монгол Улс импортолж, мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарт ашиглах боломжтой. Мөн хамтарсан үйлдвэр байгуулах замаар лиценз болон технологи шилжүүлэх зэрэг өргөн боломж байгааг ноён Элчин сайд хэлсэн юм.

Тухайлбал, Кубын BIORAT бэлдмэл нь мэрэгч амьтдыг устгах, дэлхийд цорын ганц үр дүнтэй бүтээгдэхүүнийг Монгол Улс импортлох нь бэлчээрийг голлон сүйтгэж буй үлийн цагаан оготныг устгахад хэрэгтэй болов уу гэсэн юм. Түүнээс Монгол, Куба улсын худалдаа, хамтын ажиллагааны талаар тодруулав.

-Өнөөдрийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт хэдий хэмжээнд байна вэ?

-Одоогоор, манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа багавтар байгаа. Монголын хэдхэн компани Кубаас бүтээгдэхүүн оруулж ирж байна. “Монэмимпекс” компани чихрийн шижин өвчний тариа, “Монфарм” компани хорт хавдартай хүмүүст хэрэглэх биобэлдмэл импортолж байна. Ром дарс, навчин болон янжуур тамхи авч байгаа.

Ковидын цар тахлын үеэр Куба улсаас эмч нар ирж, Монголын хувийн эмнэлгүүдэд ажилласан.

Ер нь, анагаах ухааны салбарт түлхүү хамтран ажиллаж байна. Манай улс Монголоос жил бүр гурван оюутанг тэтгэлгээр суралцуулдаг уламжлалтай. Энэ оноос 5 оюутан болгон нэмсэн. Тэдний 4 нь анагаахын чиглэлээр суралцаж байна.

-Хоёр орон хамтран ажиллах өөр ямар боломж байна гэж та үзэж байна вэ?

-Хэдийгээр манай хоёр улс алс хол оршдог ч хамтын ажиллагааны боломж их байна. Дээр дурдсан анагаах ухааны чиглэлээс гадна аялал жуулчлалын салбарыг нэрлэмээр байна. Манай улс Карибын тэнгисийн бүс нутагт, хамгийн том арал дээр оршдог учир энэ тэнгисийг тойрсон Ямайка, Гайана, Барбадос, Тринида Тобаго зэрэг улс руу манайхаар дамжин аялах, мөн Мексикийн булан руу орох хаалга болдог. Олон улсын тэнгисийн аяллын круз хөлөг онгоц болон завины зогсоолуудтай. Тодруулж хэлбэл, манай улсын нийслэл Хавана хот болон Сантиаго, Сиэнфуэгүс хотод олон улсын хөлөг онгоцууд зогсдог гэв.  

Куба улс шинэ, хөлдөөсөн, лаазалсан загас, сам хорхой, хавч зэрэг далайн хоол, буурцагт ургамал, чинжүү, жимс, жимсгэнэ, лаазалсан жимс, зөгийн балны бэлдмэл, кофе, какао, ром драс, шар айраг, түүхий болон ороосон навчин тамхи, янжуур, арьс шир, мод, био эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, малын эм, эфирийн тос, үнэртэй ус, химийн бодис, цемент, төмөр, ган, металл болон металл эдлэл, ХАА-н багаж хэрэгсэл экспортолдог байна.

Харин импортоор шатахуун, тосолгооны материал ашигт малтмал авч, газар тариалан, үхрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл болж буйг Элчин сайд танилцууллаа. 

Уулзалтад манай улсаас “Биомед трейд”, Монголын мал эмнэлгийн холбоо, “Лутгүн интернэйшнл”, “Очир ундраа”, “Жевел пеерл консалтинг”, “Ашид буян”, “Ай мед техноложис”, “Анунгоо”, “Энто” зэрэг компани, ААН-үүдийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?