ТАМИРЧИН ЁС ЗҮЙН БОЛОН ДОПИНГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАВАЛ ТУХАЙН ТӨРЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООНО

2024-06-06  

УИХ-ын хаврын отгон чуулганаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэн баталлаа.

Шинэ хуулиар спорт, нийтийн биеийн тамирыг дэмжих олон шинэ зохицуулалт орсон байна. Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт “Спортыг дэмжих сан”-гаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зарчмаар холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улс, тив, ДАШТ-ийг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр болж байна. Үүнээс гадна спорт холбоодын бие даасан байдлыг хангах зорилгоор Биеийн тамир, спортын улсын хорооноос олгодог байсан тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах бүрэн эрхийг спорт холбоодод олгохоор өөрчиллөө.

Түүнчлэн спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбарын ижил зарчмаар таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгохоор болжээ.

Үүнээс гадна шигшээ багийн тамирчин нь ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан бол тус шигшээ багт өгдөг санхүүжилтийг зогсоохоор болж байна. Мөн Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд нь олгохыг зогсоолоо. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?