ЯПОНД ТӨРӨЛТИЙГ ДЭМЖИХ ХУУЛИЙГ БАТАЛЖЭЭ

2024-06-06  

Японы парламент төрөлтийг дэмжих шинэ хуулийн төслийг өнөөдөр баталлаа. Тус улсад төрөлтийн түвшин өнгөрсөн онд түүхэн доод үзүүлэлтэд хүрч буурсан юм.

Шинэ хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж авах өрхийн орлогын хязгаарыг энэ оны 12 дугаар сараас арилгана. Мөн мөнгөн тэтгэмжид хамрагдах насны дээд хязгаарыг 18 болгож нэмэгдүүлнэ. Түүнчлэн айл өрхүүд хүүхдээ эцэг эх, асран хамгаалагч нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой болохоос гадна хүүхэд асрах чөлөөний тэтгэмжийг нэмэгдүүлэх ажээ.

Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар 2030 он хүртэлх хугацааг төрөлтийн түвшин буурч буйг өөрчлөх сүүлчийн боломж гэж үзэж байгаа энэ үед шинэ хуулийг баталлаа. Шинжээчид төрөлт буурч байгаагийн шалтгааныг хожуу гэрлэлт, санхүүгийн асуудал зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Японд өнгөрсөн онд төрөлтийн түвшин холбогдох мэдээллийг эмхэтгэж эхэлсэн 1947 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурсныг хамгийн сүүлийн үеийн засгийн газрын статистик мэдээлэл харуулсан нь уг хуулийг батлах шалтгаан болжээ. Статистик мэдээллээр, нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 1.20 болж буурчээ. Ингэснээр 125 сая орчим хүн амтай Япон улсад төрөлтийн түвшин найм дахь жилдээ дараалан буурсан байна. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?