О.Баасанхүү: МАН-ын ухуулагч байсан нь лавлагаагаар тогтоогдсон

2024-06-17  

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Нам(АН)-ын дарга Б.Батмөнх нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг уржигдар гарсан. Бид энэ талаар АН-ын Хууль, зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүүгээс дараахь тодруулгыг авлаа.


-Өвөрхангай аймагт гарсан хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Ийм эмгэнэлтэй хэрэг гарсан талаарх мэдээллийг манай намын төв штабын хуулийн багийнхан өнөөдөр (өчигдөр) надад өгсөн. Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Батмөнх гэж бидний журмын анд бусдын гарт аймшигтайгаар амь насаа алдсанд үнэхээр харамсаж байна. Ер нь хуульч хүний хувьд хоёр зүйл дээр маш эмзэг хандаж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын хуулиар сонгуулийн үйл ажиллагааг таслан саатуулах гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэгт ордог. Хоёрдугаарт, тэр амь насыг нь бүрэлгэсэн этгээд хэний ухуулагч вэ. Хэнээс болж гэмт хэргийн сэдэл гарсан бэ гэдэг дээр асуудал байгаа юм. Ардчилсан намын зүгээс сүүлийн үед маш их гомдолтой байгаа. Учир нь цагдаагийн байгууллагын зүгээс манай болон бусад намуудын нэр дэвшигчдийн гаргаж байгаа гомдол, саналд тэгш бус харьцаж байна. Тухайлбал, Ховд аймагт сонгуулийн саналын хуудас урьдчилан бүртгүүлсэн асуудал, Архангай аймагт болсон явдал зэрэгт одоог хүртэл хариу өгөөгүй. Дээрээс нь манай сурталчилгаан дээр янз бүрийн хүмүүс ирж сүрдүүлэх, дарамтлах явдал гарахад цагдаагийн байгууллага бодитоор туслах, дэмжлэг үзүүлэх хуулийн үүргээ биелүүлэхгүй байна. Тийм болохоор өнөөдөр/өчигдөр/ албан ёсоор гомдол, шаардлага өгсөн.

-Гомдол, шаардлагаа хаана, хэнд өгсөн юм бэ?

-Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод хүргүүлсэн. Яагаад гэхээр Т.Сүхболд нь сонгуульд хоёр чиг үүрэгтэй оролцдог. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн. Тэр утгаараа сонгуулийг тэгш, шударга зохион байгуулах үүрэгтэй. Хоёрдугаарт, ЦЕГ-ын даргын хувьд эрүүгийн болон бусад цагдаагийн алба хаагчдаар нэр дэвшигчдийн эрхийг хамгаалуулах ёстой. Түүнээс биш тэднийг санхүүгийн болоод үйл ажиллагааны мэдээлэл цуглуулах замаар төрийн чиг үүргийг ашиглах ёсгүй. Дээрээс нь Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн заалт байдаг. Түүн дээр худал мэдээллийг зориуд тараах нь гэмт хэрэг гэж байгаа. Гэтэл сүүлийн үед МАН-ын зүгээс маш олон худал мэдээлэл тарааж байна. Энэ бүхэн дээр цагдаагаас ямар ч арга хэмжээ авахгүй байна.

-Өмнөх гомдлуудад одоо болтол хариу өгөөгүй гэсэн. Таны гомдол, шаардлагад мөн хариу өгөхгүй бол яах вэ?

-Төв намын зүгээс шуурхай шийдвэрүүд гаргаад, хэрвээ сонгуулийг хэвийн явуулж болохгүй байгаа бол бид улс төрийн тэмцлийг хатуу өрнүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тиймээс нам дээр асуудлуудыг нягтлан үзэж байна.

-Сант сумын АН-ын даргын амь насыг хохироосон хүнийг нам бус, ухуулагч байгаагүй гэсэн мэдээлэл бас гарсан байсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бид e-Election сайтаас лавлагааг нь авсан. Тухайн лавлагаагаар МАН-ын ухуулагч байсан нь тогтоогдсон. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын сурталчилгаанд ухуулагч хийж байсан байж болзошгүй байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?