Д.ТРАМП ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧООНД МЭДҮҮЛЭГ ӨГНӨ

2024-07-30  

 АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрийнх нь аминд халдахыг завдсан хэргийн хохирогчийн хувиар мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн талаар Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ ажилтнууд даваа гарагт мэдэгджээ. 

Энэ сарын эхээр АНУ-ын зүүн хойд нутгийн Пенсильвани муж улсад болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Томас Мэттью Крукс гэгч этгээд автомат буугаар найман удаа гал нээсний улмаас Ерөнхийлөгч чихэндээ шархадсан ба тэнд байсан нэг хүн ​​амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан юм.

“Д.Трамптай хийх ярилцлага нь бусад нөхцөл байдалд гэмт хэргийн хохирогч болсон хүмүүстэй хийдэгтэй адил байх болно. Бид түүний ажигласан зүйлийн талаар мэдээлэл авахыг хүсэж байна” гэж ХМТ-ны тусгай ажилтан Кевин Рожек мэдэгджээ. “Холбооны мөрдөх товчоонд пүрэв гарагт мэдүүлэг өгнө” гэж Д.Трамп Fox News телевизэд даваа гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

Цуглааны үеэр гал нээсэн 20 настай зэвсэгт этгээдийн халдлага үйлдэх болсон сэдэл шалтгааныг тогтоогоогүй байна гэж ХМТ-ны ажилтнууд мэдэгдсэн ба ямар нэгэн байдлаар хуйвалдаан хийсэн байж болзошгүй хүмүүс илрээгүй байна.

“Бид түүнийг маш ухаалаг нэгэн байсныг олж мэдсэн бөгөөд коллежид суралцаж, байнгын ажил эрхэлдэг байсныг тогтоосон. Түүнд цөөн хэдэн найз нөхөд, танил хүмүүс байсан тул түүний нийгмийн хүрээлэл нь ойрын хүмүүсээр хязгаарлагдах бололтой” гэж К.Рожек хэлжээ. Түүний ярьснаар, гал нээсэн этгээд галт зэвсгээр халдлага үйлдэх, гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгний талаар, мөн Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн амийг хөнөөх оролдлогын талаарх мэдээллийг интернэтээс хайж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт ХМТ-ны тэргүүн Кристофер Рэй АНУ-ын хууль тогтоогчдод мэдээлэл өгөхдөө "зэвсэгт этгээд 1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедиг буудаж хөнөөсөн хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээр хайж байсныг тогтоосон" гэсэн юм.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 30 /AP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?