“Оддын дайн” франчайз кинонд Лея гүнжийн дүрд тоглохдоо Америкийн жүжигчин Кэрри Фишерийн өмсөж байсан алтлаг өнгөтэй, бикини загвартай өмсгөл 175 мянган ам.доллароор зарагдсан тухай дуудлага худалдааны ордноос мэдээлжээ.
К.Фишер энэхүү хувцсыг 1983 онд дэлгэцнээ гарсан “Return of the Jedi” ангийн эхэнд Лея гүнж Татуин дахь ордонд баривчлагдаж, түүнийг албадан боол болгох үеэр өмсөж байжээ. “Оддын дайн” киноны хамгийн дурсгалтай хувцасны нэг болох уг хувцасыг Даллас хотод төвтэй “Heritage Auctions” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулсан байна.
“Heritage”-ийн дэд ерөнхийлөгч Жо Маддаленагийн хэлснээр, К.Фишер уг хувцсыг зураг авалтын талбай дээр өмсөж байсан боловч хожим нь илүү эвтэйхэн хувилбарыг сонгосон тул киноны эцсийн хувилбар дээр гардаггүй байна. Энэхүү хувцас цуглуулагчдын дунд ширүүхэн тэмцэл өрнөхөд хүргэсэн гэж дуудлага худалдааны ордноос мэдэгджээ.
“Оддын дайн”-ы хүч дахин нэг удаа нотлогдлоо. Эдгээр киноны нөлөө үнэхээр гайхалтай” гэж Ж.Маддадена ярилаа. 2016 оны 11 дүгээр сард К.Фишер NPR радиод ярилцлага өгөх үеэрээ, уг хувцсыг өмсөх нь түүний сонголт байгаагүй хэмээн ярьж байжээ. Түүнчлэн эрэгтэй үзэгчдийг татахын тулд К.Фиширт уг хувцсыг өмсүүлсэн гэх шүүмжлэл ч мөн гарч байжээ.
Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 29 /AP/