ГҮРЖИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖАА АНУ ЗОГСООЖЭЭ

2024-08-01  

 Ардчиллын эсрэг чиглэсэн Гүржийн засгийн газрын үйл ажиллагаанаас үүдэн тус улсад АНУ-аас үзүүлэх 95 сая долларын тусламжийг зогсоож байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ.  

“5 дугаар сарын 23-нд Гүржийн засгийн газар ардчиллын эсрэг үйлдэл хийсний дараа миний бие АНУ ба Гүржийн хамтын ажиллагааг эргэн харж цэгнэх нь зүйтэй гэж мэдэгдсэн билээ. Эргэн цэгнэсний эцэст Гүржийн засгийн газарт үзүүлэх 95 сая гаруй долларын тусламжаа АНУ зогсоож байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Гүржийн засгийн газрын “ардчиллын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа ба худал хуурмаг мэдэгдлүүд нь Европын Холбоо ба НАТО-гийн гишүүнчлэлийн хэм хэмжээнд нийцэхгүй гэдгийг Блинкен онцолсон байна.

Гүржийн засгийн газарт үзүүлэх тусламж зогсож байгаа боловч ардчиллыг бэхжүүлэх, хуулийг дээдлэх, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэмжихэд чиглэсэн Гүржийн ард түмэнд ашиг тусаа өгөх хөтөлбөрүүдийн хүрээнд үзүүлж буй тусламжаа үргэлжлүүлэн хүргэх болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ.  

Түүнчлэн хоёр улсын түншлэлийн харилцааны өнгөрсөн 32 жилийн хугацаанд АНУ-аас Гүржид 6,2 тэрбум гаруй долларын тусламж үзүүлсэн бөгөөд тусламжийн хүрээнд Гүржийн батлан хамгаалах ба эргийн хамгаалтын хүчнийг сургаж, тоног төхөөрөмжөөр хангаж, сургууль эмнэлгүүдийг барьж, багш нар, төрийн албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудыг сурган бэлтгэсэн гэдгийг мэдэгдэлд дурджээ.

“Бид цаашдаа Гүржийн ард түмэн болон тэдний ЕвроАтлант руу чиглэсэн тэмүүллийг дэмжсээр байх болно” гэж Э.Блинкен мэдэгдлээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 1 /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?