Өнөөдрөөс эхлэн шатахууны экспортыг хязгаарлах тухай ОХУ-ын засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр болж, 10 дугаар сар хүртэл хэрэгжинэ. Гэхдээ энэ нь дизель түлшинд хамаарахгүй юм.
ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн дэд сайд Павел Сорокин хэлэхдээ, зах зээлийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг, тэр дундаа бөөний үнийг огцом өсгөхгүйн тулд засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг дурдлаа.
Өмнө нь 2023 оны 9 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 17 хүртэл Оросын бензиний экспортыг хориглож байсан нь дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулахад чиглэсэн алхам байсан бөгөөд дизель түлшинд ч мөн хамаарч байсан юм. Түүнчлэн 2024 оны гуравдугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд дахин бензинд /дизель түлшинд бус/ экспортын хориг тогтоож байсан боловч 5 дугаар сарын сүүлчээс 7 дугаар сар хүртэл хүчингүй болгож байв.
Компаниудын чансааг тогтоодог АКРА группийн захирал В.Танурков хэлэхдээ, бензиний экспортыг зогсоосноор сүүлийн саруудад хэд хэдэн удаа дээд түвшинд хүрсэн юуны түрүүнд АИ-95 бензиний үнэ буурах магадлалтай гэдгийг дурдаад, экспортын хоригийг 10 дугаар сараас хойш үргэлжлүүлэх эсэх нь дотоодын зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаарна гэлээ.
“ИнфоТЭК” мэдээллийн төвийн ерөнхий редактор А.Фроловын ярьснаар, засгийн газрын шийдвэр гарснаар дурдсан хугацаанд 700 мянган тонн бензиний экспорт зогсож байгаа ажээ.
Эх сурвалж: МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 1. /ТАСС/