ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагааны сургалт, дадлагыг Хөвсгөл нуурын орчимд зохион байгуулжээ.
Сургалт дадлагыг Франц Улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауманн удирдаж, ЕС-145 С2 загварын МТ-1110, МТ-1112 дугаартай агаарын хөлгөөр тус ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагчид нислэг үйлдсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж буй Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд уг дадлагыг явуулсан аж.
Энэ удаагийн дадлага сургуулийг анх удаа Хөвсгөл нуурын орчимд явуулсан бөгөөд цаашид жил бүр зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ