АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Газын зурваст гал зогсоох зорилгоор Ойрх Дорнодод хийж буй ээлжит айлчлалынхаа хүрээнд ням гарагт Израилын Тель-Авив хотод иржээ.
Э.Блинкенийг Израилд ирснээс хэдхэн цагийн дараа Палестины ХАМАС бүлэглэлийн зүгээс "Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху зуучлагчдын хүчин чармайлтыг үр дүнгүй болгож, хэлэлцээрийг хойшлуулж байна" гэж буруутгасан байна.
Өнгөрсөн 10 дугаар сард дайн эхэлснээс хойш тус бүс нутагт хийж буй ес дэх айлчлалынхаа үеэр Э.Блинкен даваа гарагт Б.Нетаньяху тэргүүтэй Израилын удирдагчидтай уулзана гэж Төрийн департаментын төлөөлөгч мэдээлжээ. Тэрбээр Израилаас Египетийг зорих ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан Тель-Авивыг зорих замдаа сэтгүүлчдэд хэлэхдээ, Газын зурваст түр эвлэрэл тогтоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар гэрээ байгуулах хэлэлцээ одоо “эргэлтийн цэг дээр” ирээд байна. Бид үүнийг маш эгзэгтэй үе гэж дүгнэж байна гэжээ.
Хэлэлцээг зуучлагч орнууд болох Катар, АНУ, Египетийн төлөөлөгчид олон сарын турш сунжран үргэлжилж буй хэлэлцээний явцад талуудын хоорондох санал зөрөлдөөнийг арилгаж чадаагүй хэвээр байна.
Эх сурвалж: ТЕЛЬ-АВИВ, 2024 оны наймдугаар сарын 19 /Reuters