Улаанбаатар хотод метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг энэ оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Энэ хүрээнд метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ.
БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн юм. Уг судалгаанд үндэслэн “Духуа инженеринг” түншлэл метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэнэ.
Эхний үе шатанд судалгааны ажил хийхээр төлөвлөж буй чиглэлийн дагуу газрын гадаргуугийн геологи, газар зүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байна. Тогтоосон байршлын дагуу цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүллээ. Тухайлбал, хотын зүүн хэсэгт Чулуун овооны тойрог, төвд Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчимд, баруун хэсэгт Таван шарын Өлзий төв зогсоолд инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж эхэлсэн.
Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөгийг 30, 50, 70 метрийн гүн хийнэ. Иймд тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөнд бага зэрэг саад учруулах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ