БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Оросын засгийн газрын тэргүүн нарын 29 дэх удаагийн уулзалтад оролцохоор мягмар гарагт Москва хотноо хүрэлцэн ирлээ.
Ли Чяныг Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд ОХУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд угтан авч, хүндэт харуул жагссан байна. Тэрбээр Москвад хүрэлцэн ирэхийнхээ өмнө мэдэгдэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын стратегийн удирдлага дор Хятад, Орос хоёр улс хөрш зэргэлдээ оршдог томоохон орнуудын харилцааны шинэ хэлбэрийн үлгэр жишээ болж байгааг цохон тэмдэглэжээ.
Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад, Оросын харилцаа хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулж, цаг хугацааны явцад улам хүчирхэгжин шинэлэгдэж байгааг Ли Чян дурдаад, шинэ эринд хоёр талын харилцаа эрчимжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгааг онцолсон байна.
Орост хийх айлчлал нь хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, найрамдалт харилцааг үеийн үед уламжлан хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой гэж тэрбээр хэллээ. Мөн хоёр орны төрийн тэргүүн нар энэ онд хоёр удаа уулзаж, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн шинэ эхлэлийн цэг дээр Хятад, Оросын харилцааны шинэ хөгжлийн стратегийн төлөвлөгөөг гаргасныг дурджээ.
Ли Чян ОХУ-ын засгийн газрын тэргүүн М.Мишустинтэй уулзах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлуудаар санал бодлоо солилцоно. 1996 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Хятад, Оросын засгийн газрын тэргүүн нарын ээлжит уулзалт нь хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог ахиулах чухал механизм юм.
Энэ онд Хятад, Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад-Оросын соёлын жил эхэлж байна. Энэ оны эхний долоон сарын хугацаанд Хятад, Оросын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар нэмэгдэж, 136 тэрбум 670 сая ам.долларт хүрчээ. Худалдааны эргэлтийн хэмжээ 2023 онд 240 тэрбум ам.доллароос давсан нь 10 жилийн өмнөхөөс 2.7 дахин өссөн байна.
Эх сурвалж: МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 21 /Xinhua/