СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН НЭГ НОМЕРЫН ТЕННИСЧНИЙ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ

2024-08-22  

 Дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн теннисчин Янник Синнерийн сэргээшийн шинжилгээний хариу хоёр удаа эерэг гарсан хэдий ч түүний тэмцээнд оролцох эрхийг хасахгүй гэдгийг ITIA буюу теннисний спорт дахь сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх байгууллагын албан ёсны цахим хуудсанд мэдэгджээ.   

2024 оны гуравдугаар сард өгсөн түүний хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарч, клостебол гэдэг хориотой бодис биед нь илэрсэн байна. Харин Синнер салан задгай байдал гаргаагүй, гэм буруугүй гэдгийг дээрх байгууллагын дэргэдэх хараат бус шүүхээс тогтоожээ.

“АНУ-ын Индиан-Уэллс хотод болсон “Мастерс” цуврал тэмцээний үеэр буюу 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Синнер сэргээшийн шинжилгээ өгөхөд клостеболын метаболит бага хэмжээгээр илэрсэн. Мөн тэмцээн дууссанаас 8 хоногийн дараа авсан шинжилгээгээр метаболит бага хэмжээгээр илэрсэн. Иймээс түүнд олгосон мөнгөн шагнал ба Мэргэжлийн теннисчдийн холбооны /АTP/ чансааны 400 оноог хүчингүй болголоо” гэж ITIA-гийн мэдээлэлд дурджээ.  

Хоёр шинжилгээний хариу эерэг гарсны дараа Италийн теннисчний тэмцээнд оролцох эрхийг түр хугацаагаар хасаж байсан бөгөөд Синнер тухай бүрт нь гомдол гаргаж, заргаа авснаар тэмцээнүүдэд үргэлжлүүлэн оролцсоор байв.

Тамирчны тайлбарлан ярьснаар бол, түүнийг дэмжих багийн нэгэн гишүүн багахан хэмжээний шархаа эдгээхийн тулд клостебол агуулсан цацлагыг 3 дугаар сарын 5-13-ны хооронд арьсан дээрээ цацаж байсны зэрэгцээ өдөр бүр Синнерт иллэг, эмчилгээ хийж байсан тул дээрх хориотой бодис арьсаар дамжин санамсаргүй байдлаар биед нь нэвтэрсэн байх магадлалтай.  

ITIA-гийн удирдлага мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст Синнерийн өгсөн тайлбар нь итгэл үнэмшил төрүүлж байна гэж үзээд түүний гаргасан гомдлыг хүлээн авчээ.

Индиан-Уэллст болсон тэмцээнд Синнер хагас шигшээд шалгараад Испанийн Карлос Алькараст хожигдсон юм. Түүнд олгосон 325 мянган долларын мөнгөн шагнал ба АTP-ийн чансааны 400 оноог хүчингүй болгожээ.

 

Эх сурвалж: МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 21 /РИА Новости/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?