Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж эхэлснээсээ хойш сар гаруйн хугацаанд 540 сая ам.долларын хандив цуглуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон Ардчилсан намын их хурлын үеэр хандивын хэмжээ огцом нэмэгдсэн гэж түүний сонгуулийн штабаас ням гарагт мэдэгджээ.
К.Харрисын сонгуулийн штабын менежер Жен О'Мэлли Диллоны танилцуулсан тайланд дурдсанаар, 540 сая долларын хандивт их хурал болсон долоо хоногт цугларсан 82 сая доллар багтаж байгаа бөгөөд ийм их хэмжээний мөнгө цугларсан нь Ардчилсан намын нэр дэвшигчийг ихээхэн дэмжиж буйг илэрхийлж байна гэв. “Ийм богино хугацаанд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн штабт ийм их хэмжээний хандив цугларч байгаагүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Ерөнхийлөгч Жо Байден зургаадугаар сарын 27-нд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамптай хийсэн мэтгэлцээнд тун тааруухан оролцсоноосоо хойш өрсөлдөөнөөс гарахыг уриалсан шахалттай тулгарч, улмаар долоодугаар сарын 21-нд дэд Ерөнхийлөгч К.Харрис сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.
К.Харрис нэр дэвшсэн нь Д.Трампын давуу тал болж байсан нөхцөл байдлыг өөрчилж, Ерөнхийлөгч асан хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсан байр сууриа хадгалахыг хичээж байна. К.Харрис болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Тим Уолз нар ирэх 11 дүгээр сарын 5-нд болох сонгуулийн үр дүнд чухал ач холбогдолтой муж улсуудын тоонд орж буй Жоржиад энэ долоо хоногт очих ажээ.