Израил болон Хезболлах бүлэглэлийн хооронд хурцадмал байдал даамжирсанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлж, байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоохыг талуудад уриалсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдэгджээ.
“Эдгээр үйлдэл нь Ливан, Израилын хүн амыг эрсдэлд оруулж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд аюул учруулж байна” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.
Ням гарагт Израилын арми болон Ливан дахь Хезболлах бүлэглэлийнхэн харилцан олон зуун цохилт өгсний дараа Ойрх Дорнодын байдал улам хурцдсан байна. Талууд тулалдаанаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнээс үзэхэд дайралт дууссан бололтой байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэхдээ, “Бид Хезболлах-т цохилт өгч байна. Энэ бол хойд хэсэг дэх нөхцөл байдлыг өөрчилж, манай иргэдийг гэртээ аюулгүй буцах нөхцөлийг бүрдүүлэх бас нэгэн алхам юм. Мөн энэ бол эцсийн үг биш гэдгийг давтан хэлье” гэжээ.
Харин Хезболлах бүлэглэлийн зүгээс Израил руу хийсэн дайралтаа өнгөрсөн сард командлагч Фуад Шукурыг хөнөөсөн явдлын хариуд өгөх цохилтын эхний үе шат гэж тайлбарласан байна. Тус бүлэглэлийн шинэ цохилтууд Израилын нутгийн гүн дэх газруудыг онилно гэж мэдэгдэж байсан боловч “өнөөдрийн цэргийн ажиллагаа дууссан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 26 /Reuters/