Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчин /mpox/ хүнээс хүнд халдварлахтай тэмцэх дэлхийн хэмжээний кампанит ажлыг даваа гарагт эхлүүллээ.
Стратегийн төлөвлөгөөг 2024 оны есдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд 135 сая ам.долларын санхүүжилт шаардагдах аж. Дэлхий нийтийн, бүс нутгийн болон үндэсний хүчин чармайлтыг зохицуулах энэхүү хөтөлбөр нь тандалт судалгаа, хариу арга хэмжээний стратегийг сайжруулах, оношилгоо, вакцины тэгш хүртээмжийг хангах, амьтнаас хүнд дамжих халдварыг бууруулах, халдварт өвчинтэй тэмцэхэд иргэдийг чадавхжуулах зорилготой юм.
Вакцинжуулах төлөвлөгөө нь халдвар дамжих гинжин хэлхээг таслахын тулд уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн ойрын хүрээнийхэн болон эмнэлгийн ажилтнууд гэх мэт хамгийн эрсдэлтэй хүмүүс рүү чиглэх ажээ. Үүний гол зорилго бол стратегийн удирдамж, зөвлөмж өгөх, түүнчлэн халдвар тархсан бүс нутгийн эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах явдал юм.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос аданом Гебрейесус хэлэхдээ "Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон хөрш зэргэлдээ орнуудад цэцэг өвчний дэгдэлтийг хянаж, зогсоох боломжтой" гэжээ.
ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, хөрөнгө босгох уриалгыг ойрын үед гаргах аж.
Эх сурвалж: ЖЕНЕВ, 2024 оны наймдугаар сарын 27 /Xinhua/