ИНДОНЕЗИД ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЖЭЭ

2024-08-27  

Ази, Номхон далайн бүс нутагт хамтын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Индонез, АНУ болон бусад найман орны олон мянган цэргийн алба хаагч оролцох хоёр долоо хоногийн сургуулилалт даваа гарагт эхэлжээ.

Тус бүс нутаг, ялангуяа Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд болон усан замыг өөрийн мэдлийнх гэж мэдэгддэг эрэг орчмын орнуудын хооронд энэ онд зөрчилдөөн хурцдах болсон байна.

Жил бүр болдог “Супер Гаруда бамбай” сургуулилалт Зүүн Ява мужийн Сидоаржо тойрогт эхэлсэн бөгөөд Индонезын 4400 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Индонезын армийн мэдэгдсэнээр, АНУ-ын 1800 орчим цэрэг, бусад орны олон зуун цэрэг оролцох ажээ.

Анх 2007 онд зохиогдож байсан энэхүү сургуулилалт нь “бидний хамтын чадавхыг сайжруулах зорилготой дэлхийн хэмжээний хамтарсан, олон үндэстний арга хэмжээ болон хувирсан” гэж Хавайн Агаарын үндэсний гвардын командлагч, хошууч генерал Жозеф Харрис хэлжээ.

Хамтарсан сургуулилтын хөтөлбөрт шинжээчдийн эрдэм шинжилгээний хурал, мэргэжил дээшлүүлэх семинар, команд-штабын сургуулилт, хээрийн сургууль багтсан байна.

АНУ-ын Номхон далайн цэргийн командлагч, генерал Чарльз Флинн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, энэхүү сургуулилалт нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах үүрэг амлалтыг харуулна гэжээ.

Ирэх есдүгээр сарын 6-ныг хүртэл Индонез даяар олон газарт зохион байгуулагдах хоёр долоо хоногийн сургуулилалтад Австрали, Япон, Их Британи, Сингапур, Өмнөд Солонгос, Канад, Шинэ Зеланд, Франц зэрэг орны төлөөлөгчид оролцоно.

Мөн Бразил, Герман, Малайз, Филиппин, Тайланд, Нидерланд, Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней улсууд тус сургуулилтанд ажиглагчаар оролцох ажээ.

 

 

Эх сурвалж: ЖАКАРТА, 2024 оны наймдугаар сарын 27 /AFP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?