Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ ерөнхий захирал Рафаэль Гросси ОХУ-ын Курскийн атомын цахилгаан станцын /АЦС/ нөхцөл байдалтай мягмар гарагт танилцлаа.
Р.Гроссигийн хэлснээр, түүний Курскийн АЦС-д ирсэн нь цөмийн ослын эрсдэлтэй холбоотой байв. Тэрбээр мэдэгдэхдээ, түүний Курскт очсоны зорилго нь "Курскийн атомын цахилгаан станцад үүсээд буй нөхцөл байдлыг биечлэн үнэлж, Оросын түншүүдийн хамт өнөөгийн нөхцөл байдалд ямар нэгэн шийдэл олох явдал байсан" гэв.
"Миний энд ирсэн нь Курск хот болон атомын цахилгаан станцын ойр орчимд байлдааны ажиллагаа явагдаж байгаатай холбоотой. Одоо энд цөмийн осол гарах аюул үүсээд байна” гэж ерөнхий захирал хэлсэн байна.
ОУАЭХА-ийн тэргүүн станцын үйл ажиллагаа "хэвийн болоход тун ойрхон байгааг" тэмдэглэв. Тэрбээр реакторын өрөө, турбины өрөө, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, ашигласан цөмийн түлшийг хадгалах байгууламжтай танилцсан байна.
“Станцын нутаг дэвсгэр лүү нисгэгчгүй онгоцоор дайрсан хэд хэдэн тохиолдол гарсан талаар надад хэлсэн. Би тэнд байхдаа тэдгээр халдлагын ул мөрийг харсан. Цөмийн цахилгаан станцаас хэдхэн километрийн зайд байлдааны ажиллагаа явагдаж байгаа нь аюулгүй байдлын дэглэмд ихээхэн айдас, түгшүүр төрүүлж байна" гэж тэрбээр хэлжээ.
Курскийн АЦС-д ирсэн нь уг станцад цохилт өгөхөөс сэргийлэх зорилготой холбоотой байсан гэдгийг Р.Гросси онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: АНКАРА, 2024 оны наймдугаар сарын 28 /Anadolu/