"АЛТАН ШААХАЙ" ШАГНАЛЫГ ХАРРИ КЕЙН ХҮРТЛЭЭ

2024-08-28  

Германы “Байерн Мюнхен” клуб болон Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн Европын хөл бөмбөгийн 2023-24 оны улирлын шилдэг мэргэн буучаар шалгарч, “Алтан шаахай” шагналын эзэн боллоо.

Бундеслигт эхний жилдээ тоглохдоо 36 гоол оруулсан Х.Кейн Кевин Филлипсээс /2000 он/ хойш энэ шагналыг хүртсэн анхны англи довтлогч болжээ.

Өдгөө 31 настай Х.Кейн мөн “Алтан шаахай”-г хүртсэн “Байерн”-ы гурав дахь тоглогч болсон бөгөөд өмнө нь Герд Мюллер, Роберт Левандовски нар энэ шагналыг тус бүр хоёр удаа хүртэж байв.

Х.Кейн Мюнхен хотноо ёслолын арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Гайхалтай сайхан мэдрэмж төрж байна. Клуб болон багийнхандаа талархал илэрхийлье. Энэ бол бид бүгдийн хамтын шагнал. Та бүхэн байгаагүй бол би энд зогсохгүй байх байлаа” гэв.

Энэхүү шагналыг зургаан удаа хүртсэн цорын ганц тоглогч бол Аргентины хөлбөмбөгч Лионель Месси юм. Харин Португалын хөлбөмбөгч Криштиану Роналду дөрвөн удаа хүртсэн бол өмнөх улиралд Норвегийн Эрлинг Хааланд хүртсэн билээ.

Английн шигшээ багийн ахлагч Х.Кейн өнгөрсөн улиралд Германы дээд лигт 79 минут тутамд нэг гоол дунджилсан боловч “Байерн” 2012 оноос хойш анх удаа аваргын цомыг өргөж чадаагүй юм.

“Энэхүү шагналыг хүртсэнээрээ маш их бахархаж байна. Шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна, надад мэдрэгдэж буй энэ шинэ эрч хүч хаашаа хөтлөхийг харахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Х.Кейн мягмар гарагт шагнал гардан авах үеэрээ хэлжээ.

 
Эх сурвалж: МЮНХЕН, 2024 оны наймдугаар сарын 28 /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?