БНХАУ-ын Гадаад хэргийн хорооны дарга Ван И мягмар гарагт Бээжин хотноо АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзлаа. Талууд Хятад-Америкийн стратегийн харилцаа холбооны шинэ үе шатыг эхлүүлжээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И хэлэхдээ, Сан-Францискод хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх нь Хятад, Америкийн стратегийн харилцаа холбооны шинэ үе шатны гол зорилт гэдгийг онцлов.
Ван И мөн Ж.Салливаны Хятадад хийж буй айлчлалыг сайшааж, хоёр талын харилцаа нь хоёр орны хувьд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхий дахинд үр нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Америкийн харилцаа эргэлтээр дүүрэн байлаа гэж Ван И хэлээд, Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Жо Байден нарын стратегийн удирдлага дор хоёр улс Балигийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоогоо эргэн харж, улмаар Сан-Францискод үргэлжлүүлснийг онцоллоо.
Тэрбээр энэ туршлагыг нэгтгэн дүгнэж, сургамж авах ёстой гэж хэлээд хамгийн гол зүйл бол харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах ерөнхий чиглэлийг баримтлах явдал юм гэв.
Сан-Францискод хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх нь Хятад, Америкийн хамтын үүрэг гэдгийг Ван И цохон тэмдэглээд, ирэх хоёр хоногт Америкийн талтай гүн гүнзгий хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү харилцаа холбоо нь урьдын адил стратегийн, бодитой, мөн илүү бүтээлч байх болно гэдэгт найдаж байна гэж Ван И хэлэв. Хятад-АНУ-ын харилцааг Сан-Францискогийн уулзалтын зорилтод хүргэж, хоёр талын харилцааг тогтвортой, эрүүлээр хөгжүүлэхийн тулд хоёр тал саад бэрхшээлийг даван туулах ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Үүний хариуд Ж.Салливан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн хувиар анх удаагаа Хятадад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ж.Байден АНУ-Хятадын харилцааг хариуцлагатай байдлаар зохицуулж, өрсөлдөөнийг зөрчилдөөн болгон даамжруулахгүй байхыг эрмэлзэж байгааг онцлоод, хоёр талын ашиг сонирхол нийцэж байгаа талбарт хамтран ажиллах арга замыг эрэлхийлнэ гэж нэмж хэлсэн байна.
Ж.Салливан хэлэхдээ, энэхүү стратегийн харилцаа холбоогоор дамжуулан Хятадын талтай өргөн хүрээний асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна гэлээ.