Америкийн Apple компани Калифорни муж улсын Купертино хот дахь төв байрандаа ирэх есдүгээр сарын 9-нд хэвлэлийн хурал зохион байгуулна гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Энэ үеэр шинэ iPhone гар утас, Apple Watch ухаалаг цагийг танилцуулах төлөвтэй байна.
Шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагааг Apple-ийн цахим хуудас, YouTube сувгаар шууд дамжуулна. Apple 2020 оноос хойш урьдчилан бичсэн дүрс бичлэгүүдээр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм. Тус компани шинэ iPhone, Apple Watch-оо ихэвчлэн баярын улирлын өмнө зохион байгуулдаг намрын танилцуулгын үеэр олон нийтэд дэлгэн үзүүлдэг.
Технологийн салбарын шинжээчид болон Bloomberg агентлагийн мэргэлжилтнүүдийн таамаглаж буйгаар, iPhone 16 гэж нэрлэж магадгүй байгаа энэ жилийн iPhone-ийн үнэтэй загварууд нь илүү том дэлгэц, шинэчилсэн камер, шинэ өнгөний сонголттой байж магадгүй байна. Харин Apple-ийн өмсөж зүүдэг төхөөрөмжүүд шинэ хурдан чиптэй болох төлөвтэй байна.
Мөн Apple нь шинэ загваруудаас гадна iPhone-ийн программ хангамжийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг танилцуулдаг. iOS 18 гэж нэрлэх энэ жилийн хувилбарт зурвасуудыг хураангуйлах, эгдүүтэй зураг үүсгэх зэрэг өдөр тутмын хэрэглээнд зориулсан хиймэл оюун ухааны функцүүдийг агуулсан Apple Intelligence багтах ажээ.
Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 27 /CNBC/