Атомын цахилгаан станц барих асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Казахстаны сайд нарын танхим дэмжлээ. Холбогдох шийдвэрийг засгийн газрын хуралдааны үеэр гаргажээ.
Засгийн газрын хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Алмасадам Саткалиев Казахстанд атомын цахилгаан станц барих асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Бүгд найрамдах улсад бүх нийтийн санал асуулга явуулах тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг тус улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг санал болгосон байна.
Үүний дараа Ерөнхий сайд Олжас Бектенов Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслөөр санал хураахыг санал болгов. Тэрбээр Эрчим хүчний яамыг Засгийн газрын аппараттай хамтран Ерөнхийлөгчийн тамгын газарт зарлигийн төсөл өргөн барихыг даалгажээ.
Казахстанд атомын цахилгаан станц барих асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн оны есдүгээр сард санал болгосон юм. Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, 10-12 тэрбум ам.долларын өртгөөр станц барихад хамгийн таатай бүс нь Алма-Ата мужийн Жамбыл дүүргийн Улькен тосгоны нутаг дэвсгэр болохыг судалгаагаар тогтоосон байна. Казахстаны эрх баригчид цөмийн технологи нийлүүлэх боломжтой Хятадын CNNC, Өмнөд Солонгосын KHNP, Оросын Росатом, Францын EDF зэрэг компаниудыг судалж байгаа аж. Бүх нийтийн санал асуулгыг энэ намар явуулна гэж Казахстаны Ерөнхийлөгч өнгөрсөн зургаадугаар мэдэгджээ.
Эх сурвалж: АСТАНА, 2024 оны наймдугаар сарын 27 /Kazinform/