ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХЫН ТУЛД ГАЗЫН ЗУРВАСТ БАЙЛДААНЫ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООНО

2024-08-30  

Хүүхдүүдийг халдварт саагийн эсрэг вакцинд хамруулахын тулд Газын зурваст “хүмүүнлэг ёсны үүднээс байлдааны ажиллагааг түр зогсоохыг” Израилын тал зөвшөөрсөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ.

Ирэх ням гарагт эхлэх вакцинжуулалтын аяны хүрээнд Газын зурвас даяар 640 мянга орчим хүүхдийг вакцинжуулахыг зорьж байна гэж ДЭМБ-ын ажилтан Рик Пиперкорн мэдээлжээ. Тодруулбал, вакцинжуулалтыг тус зурвасын төв, өмнөд, хойд хэсгээр гурван тусдаа үе шаттайгаар явуулах бөгөөд үе шат бүрийн үеэр байлдааны ажиллагааг орон нутгийн цагаар 06:00-15:00 цагийн хооронд гурван өдөр дараалан түр зогсоох ажээ.

Газын зурваст сүүлийн 25 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварт саа буюу полиомиелитийн анхны тохиолдол болсон 10 сартай хүүхэд хэсэгчлэн саажсан байсан тухай НҮБ-ын төлөөлөгчид мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх тохиролцоонд хүрчээ. Вакцинжуулалтын аяныг Палестины Эрүүл мэндийн яам ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагтай хамтран зохион байгуулна.

ДЭМБ Газын зурваст уг вирусний тархалтыг зогсооход шаардлагатай вакцинд хамрагдалтын түвшнийг 90 хувьд хүргэхийг зорьж байна. Полиовирус нь маш хурдан халдварладаг бөгөөд ихэвчлэн бохир, бохирдсон усаар дамжин халдварладаг. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдүүд голчлон тусдаг бөгөөд халдварын улмаас саажилт үүсэж, цаашлаад үхэлд хүргэж болзошгүй байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, Газын зурвас болон Баруун эрэг дэх дархлаажуулалт мөргөлдөөн гарахаас өмнө хангалттай түвшинд байжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, саагийн эсрэг вакцины хамрагдалт 2022 онд 99 хувьтай байсан бол өнгөрсөн онд 89 хувь болж буурсан байна. Израилийн арми цэргүүдээ уг өвчний эсрэг вакцинд хамруулж эхэлсэн талаараа долоодугаар сард мэдэгджээ.

“Бид Газын зурвас дахь 650 мянга гаруй палестин хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө энэхүү аяныг өрнүүлэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж ХАМАС бүлэглэлийн төлөөлөгч Басем Наим Ройтерс агентлагт мэдээлжээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гурван өдрийн түр завсарлага нь “гал зогсоох хэлэлцээр биш” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ, 2024 оны наймдугаар сарын 30 /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?