АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан БНХАУ-ын дарга Ши Жиньпинд пүрэв гарагт Бээжин хотноо бараалхлаа. Ингэснээр ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын сонгуулийн өмнө дэлхийн хоёр томоохон гүрний хоорондын маргааныг намжаах зорилготой гурван өдрийн хэлэлцээ өндөрлөжээ.
Ардын их хурлын танхимд болсон уулзалтын үеэр Ши Жиньпин Ж.Салливанд хандан Бээжин Вашингтонтой тогтвортой харилцаа тогтоохыг эрмэлзэж байгааг онцоллоо. “Хувьсан өөрчлөгдөж буй, зөрчил мөргөлдөөнтэй энэ ертөнцөд улс орнуудад гадуурхах, ухрах бус харин эв санааны нэгдэл, зохицуулалт хэрэгтэй” гэж Ши Жиньпин хэлжээ.
Ж.Салливан хариуд нь Ши Жиньпинд хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд харилцааг хариуцлагатайгаар зохицуулахыг эрмэлзэж, “ойрын долоо хоногт тантай утсаар ярихыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Уулзалтын дараа Цагаан ордноос мэдэгдсэнээр, хоёр тал Ши, Байден нарын утсаар хийх хэлэлцээг удахгүй ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Ж.Салливаны хэлснээр, Хятадын эрх баригчидтай нийт 14 цагийн турш хийсэн яриа хэлэлцээний үеэр тэрбээр харилцааг ярвигтай болгож буй олон асуудлыг хөндсөн байна. Үүнд Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Оростой холбоотой хурцадмал байдал, АНУ-д мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх гол шалтгаан болох фентанил төст бодисуудын урсгалыг зогсооход Хятадаас илүү их тусламж үзүүлэхийг хүссэн АНУ шаардлагууд зэрэг багтжээ.
Гэвч зарим асуудлаар ихээхэн санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа бөгөөд Ж.Салливаны хэлснээр, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар шинэ тохиролцоонд хүрээгүй, мөн эдийн засгийн аюулгүй байдал, худалдааны асуудлаар “эрчимтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн” байна. Бид Америкийн сонгуулийн талаар хэлэлцээгүй гэж тэрбээр нэмж хэлжээ.
Гэсэн хэдий ч цэргийн харилцаанд илүү ахиц дэвшил гарчээ. Ж.Салливан Ши Жиньпиний цэргийн зөвлөх Жан Юсятай уулзсан бөгөөд талууд Америкийн Энэтхэг-Номхон далайн командлал болон Хятадын өмнөд бүсийн цэргийн командлалын удирдлагуудыг удахгүй утсаар яриулахаар тохиролцсон байна.